Төрийн сайд нарт хандсан нээлттэй асуулга
Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар нутгийн өмнөд хаяа Наран Сэвстэйгээр БНХАУ-тай холбогдох хилийн боомт нээх асуудлыг олон жил улайран хөөцөлдөж байгаа. Энэ сарын 13-нд аймгийн ИТХ тус боомтыг нээх шийдвэрийг дэмжих тухай тогтоол гаргажээ.
Байгаль экологи, аюулгүй байдал, эдийн засгийн үр дагавар, түүх соёлын дурсгал, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын асар олон гэрээ конвенцыг зөрчсөний улмаас үүсэх таагүй байдал гээд энэ асуудлыг тал талаас нь судалж, хөдөлшгүй баримтад тулгуурлан олон удаа бичиж, үйл явцын дүн шинжилгээ хийсэн судлаачийн хувьд, Алтай нутгаас амь тасалсан хүүгийнх нь хувьд, Монгол Улсын иргэний хувьд Монголын төрөөс асуух асуулт, Монголын төрд хандаж хэлэх үг байна. Энэ удаад холбогдох яамдын сайд нарын үүргийг нь сануулж, нээлттэй асуулга тавъя.
Хариуг нь бас нээлттэй өгөөрэй хэмээн хүсч байна.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР ТАНАА! Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах ажлыг нэгтгэн удирдах үүрэг танай яаманд, бүр нарийндаа Танд хамаардагасуудал. Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдлын төлөө хамгийн ихээр санаа талбих үүрэгтэй сайдын нэг бол Та.Шударга ёсыг Монголд тогтооно гэж шуургалж боссон хэдэн сайхан залуугийн нэгийн хувьд Та зөв үйлд ёс суртахууны манлайлал үзүүлэх үүрэгтэй. Говь-Алтай аймгийн ИТХ нэгдмэл улсын бодлогыг сөрж, хоёр улсын хилийн боомт нээх тогтоол гаргасан дураараа үйлдлийг зүгээр өнгөрөөвөл төрийн нэг цонхны бодлогод харшилсан хууль бус үйлдлийг илтэд хөхүүлэн дэмжсэн асуудал болж хувирахыг Та сайн мэдэж байгаа. Тийм болохоор Наран Сэвстэйн боомтыг нээх, Говийн их дархан цаазат газарт оршиж буй Талын Мэлтэсийн ордыг ашиглуулах асуудлыг дэмжих аваас төрсөн нутаг, түмэн олныхоо өмнөөс ясаа цайтал заргалдахаа шуудхан хэлчихье. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашгийн төлөө нэгдэх цөстэй, зүрхтэй үрс надаас гадна олон бий. Улсын хил хамгааллын асуудал Таны хэрэгжүүлэх чиг үүрэг дотор тусгайлан заагдсаныг зориуд сануулъя.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ТАНАА! Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар Монголын төр байгаль орчинд хортой нөлөөлөх, байгальорчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах үндсэн чигүүрэгтэй. Төрийн энэхүү чиг үүргийг гардан хэрэгжүүлэгч нь Та. Тийм болохоор дэлхийд цөөхөн үлдсэн онгон зэрлэг байгальтай, эртний нэн ховор амьтан ургамлын өлгий болсон, Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд албан ёсоор хамаарсан газар нутгийг Дархан цаазат газраас чөлөөлөх, олон зуун хавтгай дөрвөлжин км талбайтай онцгой эмзэг хөрстэй унаган говь цөлд хилийн боомт нээх асуудлын эсрэг хамгийн хатуу байр суурьтай зогсох ёстой хүн нь Та. Таныг энэ үүргээ биелүүлэхгүй, улстөр-эдийн засгийн бүлэглэлийн эрх ашигт үйлчилбэл Эх орон, газар шороондоо хайртай үзэл бодол нэгт нөхдийнхөө хамтаар эрс хатуу тэмцэх болно гэдгээ мэдэгдье.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАНАА! Олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсынхаа эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь Таны үндсэн үүрэг. Наран Сэвстэйн боомтыг нээхийн сөрөг үр дагавруудыг миний бие өмнө нь хангалттай бичсэн учраас олж уншиж, ойлгож тунгаахыг хүсье. Наран Сэвстэйгээр хилийн боомт нээх асуудалд Таны үүрэг оролцоо, байр суурь нэн чухал учраас урьд өмнөх сайдууд тань энэ асуудлаар яагаад татгалзаж байсан үндэслэлийг анхаарна уу! БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөөнд ороогүй Мазуньшань-Наран Сэвстэйн боомтыг нээх асуудлыг хятадын талд тавьж хөөцөлдөж байгаа нь Таны өгсөн даалгавар уу, Танаас давсан үүрэг чиглэл үү гэдгийг ард түмэндээ ойлгомжтой сайн тайлбарлаж өгнө үү! Таны даалгавар мөн бол нэгийг яримаар, Танаас давсан асуудал бол өөрийг хэлмээр байна. Таны буруу бол өөрөөс чинь хариуцлага нэхнэ гэдгээ эртхэн сануулчихъя.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ТАНАА! Улсыг батлан хамгаалах болон цэргийн бодлогоТаны хариуцах үндсэн асуудал гэдгийг хуулиар тодорхойлж өгсөн. Батлан хамгаалах бодлого гэдэг байлдах дайтах тухай явцуу асуудал биш, улс орны хил хязгаарын бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тухай өргөн дэлгэр асуудал гэдгийг Та надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Наран Сэвстэйн боомтыг нээхийн сөрөг талыг Та хамгийн сайн мэдэж байх үүрэгтэй. Гэтэл хэлгүй мэт сууж, өөрт тань хамаагүй мэт байгаад гайхаж байна. Ийм байдлаар хариуцлагаас зайлж чадахгүй ээ. Наран Сэвстэйгээр боомт нээх асуудлаар байр сууриа олон нийтэд тодорхой илэрхийлнэ үү!
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ТАНАА! Монгол Улсын геологи, эрдэс баялгийн бодлогыг оновчтой зөв тодорхойлж, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүрэг Танд бий. Үүний цаана байгаль экологийн сүйрлээс газар нутгаа хамгаалах үүрэг давхар агуулагддаг. Тийм болохоор хамгийн эмзэг, хамгийн унагантөрхөөрөө байгаа газар нутгаар дамжуулан хилийн боомт нээх асуудлыг зөвшөөрөхгүй байх гэж Танд найдаж байна. Дархан цаазат газар нутгаас хумслан уул уурхай эрхлэх санаархлыг ч зөвшөөрөх ёсгүй. Үүний тулд Монголын төр Таныг сайдаар томилсон байх учиртай. Тиймээс Наран Сэвстэй, Талын Мэлтэсийн асуудлаар байр сууриа орлон нийтэд албан ёсоор илэрхийлнэ үү. Сэтгүүлчид, иргэний нийгэм, нутгийн иргэдийн төлөөлөл Танаас энэ асуултын хариуг нэхэх болно.
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ТАНАА! Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжууд нь Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд эн тэргүүнд тулгуурладгийг Та сайдын хувьд мэдээж сайн мэдэж байгаа. Говь-Алтай аймгийн нутаг Наран Сэвстэйгээр хилийн боомт нээн эсэх асуудалтай холбоотойгоор тухайн бүс нутагт археологи, угсаатан, палеонтологийн судалгаа хийгдсэн эсэх, түүх соёлын дурсгалыг хадгалах хамгаалах талаар ямар бодлого барих байр сууриа Та Алтай нутгийн ард түмэнд тодорхой мэдээлнэ үү! Энэ бүс нутаг бол эртний ургамал, амьтныолдворт газар, тахилгат газар, бас түүхэн үйл явдал болж байсан дурсгалт газруудын нэг гэдгийг мэдсээр байж талхлуулах талд шийдвэр гаргавал Танаас бид хариуцлага нэхнэ гэдгээ сануулъя. Ингэхэд дэлхийн чихийг дэлдийлгэх нэн эртний маш ховор олдвор энэ бүсэд байгааг олон улсын эрдэмтэд нэгэнт олоод тогтоочихсон, нийтэд зарлаагүй ч шинжлэх ухааны хүрээнд олон улсад дуулиан дэгдээд удсаныг эрхэм Сайд мэднэ байх. Энэ мэтээр Танд хамааралтай асуудал их говьд нэлээд бий шүү гэдгийг сануулъя. Үнэхээр Соёлын сайд мөн эсэхийн нэг хэмжүүр нь Наран Сэвстэйн асуудал болно гэдгийг Та ойлгох байх аа.
ЖИЧ: Сэтгүүлч хүн цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч байх ёстой гэдгийг миний бие олон жилийн өмнөөстунхаглаж ирсэн, энэхүү зарчимдаа үнэнч нэгэн учраас хэн нэгний захиалгаар энэ бүхнийг бичээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Мөнгө өгөхөөр боргоод, мөнгө нь дусахаа болихоор дуугаа хураачихдаг зарим нэгэн ёс зүйгүй сэтгүүлчтэй намайг зүйрлэвэл том эндүүрэл болно. Бас найз нөхөд, ойр дотныхноор минь дамжуулан надад нөлөөлөх гэж оролдоод хэрэггүй гэдгийг хэлчихье.
Амьдрал өнөөдрөөр дуусчихгүй. Үлдэх үртэй хүн болгон, өвгөдийн захиастай хүн болгон, хайрлах нутагтай хүн болгон, харамлах ирээдүйтэй хүн болгон надтай адилхан сэтгэж байгаа гэдэгт итгэж байна. Монголчууд бүгдээрээ билгийн мэлмий нь эдийн шуналд хаагдаж, бэрх ухаан нь бирдийн хорлолд автчихаагүйг би сайн мэднэ. Газрын баялгаа ухаж амь зогоох бол хамгийн арчаагүй шийдэл. Дуусдаг дундардаг баялагт найдах биш, өсдөг үрждэг баялгийг бий болгоё гэж олон жил уриаллаа. Одоо ч дахиад уриалъя. Тэнэг хүн өнөөдрөөр амьдарч болно, харин Монголын төр өнөөдрөөр оршиж хэрхэвч болохгүй. Үүнийг ойлгох ухаантан өндөр төрд минь олшрох болтугай!
Урианхан Б.ГАЛААРИД
Сэтгэгдэл