Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг Эрдэнэт үйлдвэрт зочиллоо
Тэгвэл өнөөдөр түүний хүү, “Цэдэнбал академи”-ийн Ерөнхийлөгч, судлаач Ц.Зориг гэр бүлийн хамт Эрдэнэт үйлдвэрт зочлон, аавынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 40 гаруй жилийн өмнө Эрдэнэт хотод ирж байсан тэрээр “Энэ том үйлдвэрийг миний эцгийн нэрэмжит болгосон нь зүй ёсны шийдвэр гэж боддог. Яагаад гэвэл, миний аав Эрдэнэт үйлдвэрийг санаачлан байгуулах, хөгжүүлж бэхжүүлэх, улмаар Эрдэнэт хотыг бүтээн байгуулах шийдвэрт том үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг үнэлж, хойч үеийнхэнд таниулж, мөнхлөн үлдээж буйд туйлын баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Монгол улсын хөгжилд Ю.Цэдэнбалын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг тодорхой болгох, түүний Монгол төрийг удирдсан оюуны их өвийг судлах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Цэдэнбал академи”-ийн ерөнхийлөгч Ц.Зориг, Эрдэнэт үйлдвэрт зочлох үеэрээ академийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, эрдэмтэн докторуудтай хамтран ажиллах талаар ярилцах зорилготой аж. Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхэн музейг үзэж сонирхох юм.
Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон тус үйлдвэрийн хэлтэс, цех нэгжийн удирдлага, “Цэдэнбал академи”-ийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжил дэвшилд сэтгэл өндөр буйгаа Ю.Цэдэнбал агсны хүү, судлаач Ц.Зориг илэрхийлж, уурхайчид удирдлага хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.
Сэтгэгдэл