- Сэтгүүлч
- 2022/09/23
- 298
Автомашингүй өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн гүйлт зохион байгуулна
Энэ сарын 25-ны ням гарагт болох автомашингүй өдрийн хүрээнд хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа, гүйлт, парадын талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээлэл өгөв.
Тэрбээр хэлэхдээ:
-Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагааг зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран нийслэл, дүүргээс 10 спортын төрлөөр 20 тэмцээн зохион байгуулж, дүүргүүдийн асарт сурталчилгаа явуулах юм. Түүнчлэн секц, дугуйлан, фитнес клуб, усан бассейны бүртгэл явуулж, оролцогч иргэдийн дунд фитнес клуб, усан бассейны эрхийн бичиг хожих сугалаа зохион байгуулна. Мөн 08:00 цагаас төв талбайгаас 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтийн гараа гарна. Тус гүйлтэд 5000 төгрөгийн хураамж төлж, бүртгүүлэх боломжтой.
Гүйлтийн хураамжийн орлогыг МУИС-д сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг болгож олгох юм. Гүйлтэд “Hipay” аппликейшн болон сайтаар бүртгүүлэх боломжтой ба бүртгэл есдүгээр сарын 24-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн есдүгээр сарын 25-ны 15:00-17:00 цагийн хооронд 15 км зайд дугуйн парад явна. МУИС-ийн нэгдүгээр байрны үүдэнд Дугуйн парадад оролцогчдыг бүртгэж, 14 наснаас дээш иргэдийг хамруулах юм. Маршрутын хувьд МУИС-ийн нэгдүгээр байрнаас “Бөмбөгөр” худалдааны төв, “И-Март” Чингис салбар, Бөхийн өргөө, МУИС-ийн нэгдүгээр байр гэх чиглэлээр гүйнэ. Дугуйн парадад цахилгаан дугуй, скүүтертэй иргэдийг оролцуулахыг хориглосон байгаа” хэмээв.
"Автомашингүй өдөр-2022" замын хөдөлгөөн хаасан бүсэд тавьсан автомашиныг 77078200 дугаарт холбогдон ойр байрлах зогсоолд үнэ төлбөргүй шилжүүлэх боломжтой.
Санал болгох
-
Ариутгал халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу болон агаарт байгаа бактери, вирус, мөөгөнцөр зэрэг хортой бичил биетнийг устгахад ашигладаг бодис юм.
Сэтгэгдэл