Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаа УИХ-аас удирдлага нь томилогддог, ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээллийн технологийн ажилтнуудын мэдээлэл, туршлага солилцох уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд болов.

УИХ-ын Тамгын газрын Цахим парламент, инновацын газраас зохион байгуулсан тус уулзалтын эхэнд УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг оролцогчдод уншиж танилцуулсан.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Байнгын хорооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. Мөн “Та бүхэн өөрсдийн ажиллаж буй байгууллагад нэвтрүүлсэн сайн туршлагыг нээлттэй хуваалцаж, харилцан суралцсан, шинэ технологийг нэвтрүүлэх санал санаачилга гаргасан үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар “2020 онд байгуулагдсан найм дахь парламентын гол онцлог бол 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, эрх зүйн шинэтгэл хийх, хууль тогтооход хүний эрхийг амин сүнс болгон суулгах, Цахим шилжилт хийж цахим парламент болох гэсэн шинэчлэлийн гурван том зорилт дэвшүүлэн, бодит ажил болгон ажиллаж байна” хэмээн уулзалтыг нээх үеэр хэлсэн. Түүнчлэн “Монгол Улс дижитал үндэстэн болох тухай зорилтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн.

Мөн УИХ-аас цахим засаглалын үндэсний хөтөлбөрийг баталсан. Төрийн үйл ажиллагаанд цахим шилжилт хийх нь зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтийн асуудал. Дэлхийтэй хөл нийлүүлж алхъя гэвэл цахим шилжилтийг хийхээс өөр аргагүй. Сүүлийн жилүүдэд цахим шилжилтийн үйл явц манай улсад маш эрчимтэй өрнөж байна. Манай улс 2018 онд 496 төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж байсан бол өнөөдөр 1526 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Богино хугацаанд чамлахааргүй ахиц дэвшил үзүүлсэн гэж хэлж болно. Цахим шилжилт бол монгол үндэстний том зорилго. Төрийн байгууллагууд цахим шилжилт хийх, үйлчилгээгээ иргэдэд ил тод байдлаар шуурхай хүргэх нь бид бүгдийн хамтын үйл ажиллагаанаас хамаарна. Бид хамтын ажиллагааны уялдаа холбоогоо хангах нь нэн чухал” гэлээ.

Туршлага солилцох уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат тус газрын үйл ажиллагаа болон D.parliament цахим системийн талаар оролцогчдод танилцуулсан юм.

Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа мэдээллийн технологийн бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл өгсөн.

Уулзалт чөлөөт асуулт, харилтаар үргэлжилсэн бөгөөд төгсгөлд нь оролцогчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим, техникийн удирдлага, парламентын сэтгүүлчид, серверийн өрөөтэй танилцаж хуралдааны цахим системийн талаар мэдээлэл авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа