Онцгой байдлын ерөнхий газраас Орхон аймгийн нийт удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах менежмент” сургалт өнөөдөр Ослын үеийн олон нийттэй харилцах тактик сэдвээр үргэлжиллээ.

Осол гамшгийн үед хэвлэл мэдээлэл хэрхэн ажиллаж, ямар тактик баримтлах талаар Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Цэнд танилцуулж, ослын үеийн мэдээлэл бэлтгэж, дамжуулах зарчим, арга замын талаар хичээл заав. 

     Ослын үеийн мэдээллийн харилцаанд төр, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гэсэн үндсэн гурван субъект оролцдог бол энэ үед ажиллах хэвлэл мэдээллийн баг бүрэлдэхүүнийг байгуулж ажиллуулах нь үр дүнтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, удирдлага, чиглүүлэгч, холбогч мэдээлэгч, дамжуулагчаас бүрдсэн хэвлэл мэдээллийн баг ажилласнаар учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, учирсан тохиолдолд бодит нөхцөл байдлыг үнэлж, олон нийтийг мэдээллээр хангах албан эх сурвалж болох ач холбогдолтой юм. Ослын үед мэдээлэл бэлтгэхдээ тоо баримт ашиглах, мэдээлэл хүргэх боломжит бүх сувгийг ашиглах, давтамжтай хүргэх, холбоотой мэдээллийг багцлан бэлтгэж, сэтгүүлчид асуухаас өмнө урьтаж мэдээлэх зэрэг зарчим баримтлах нь олон нийтийг төөрөгдүүлсэн, бүрхэг мэдээлэл тархахаас сэргийлэх давуу талтайг сургалтын үеэр онцоллоо. Осол гамшгийн үед мэдээллийг хэвлэлийн бага хурал, тодруулга ярилцлага, хэлэлцүүлэг, шууд лайв зэрэг хэлбэрээр дамжуулах нь үр дүнтэй юм. Осол, эрсдэлийн мэдээллийн харилцааг цаашид бэхжүүлэхдээ эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах хөрөнгө шийдвэрлэх, явуулж буй арга хэмжээ нь олон нийтийн санал асуулгад нийцсэн байх, багийн гишүүдийг чадавхжуулах, эрсдэлийн мэдээллийн орон нутгийн сүлжээг бий болгох зэрэг арга замууд, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг байгууллагын удирдлагуудад тайлбарлаж, ярилцав. 

     Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах менежмент” сургалт нь аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа