УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллав
Тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх, Засвар механикийн заводыг машин үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх өргөтгөлийн төслүүдэд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд гол анхаарлаа хандуулж байв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, мэргэжилтнүүд Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулж батлуулсан, одоо зураг төсөл, байгаль орчины үнэлгээ хийгдэж байгааг танилцууллаа. Мөн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, цахилгаан, дулаан, уур, усан хангамж, төмөр болон авто зам, ариутгал татуурга, бохир усны өргөтгөлийн станц зэрэг дэд бүтцийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулан ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Үйлдвэрлэл, технологийн паркийн танилцуулгад “Өнгөт металлургийн салбарын суурь Эрдэнэтэд байх ёстой. Зэсийн баяжмалын үйлдвэрийнхээ дэргэд, мэргэшсэн боловсон хүчин хангалттай, ажиллах хүчний том нөөцтэй энэ газар нэмүү өртөг шинэгэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашид эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эд болох зэс нунтаг, зэс ялтас, зэс кабель, хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх төр, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь нийгмийн өндөр ач холбогдолтой. 2050 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 3 дахин өснө. Үүнд бид бэлтгэх ёстой” хэмээн нэмж тодотгосон юм.
Сэтгэгдэл