Дэлхийн аль ч улсад ажиллах эрхтэй мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэж эхэлнэ
Хоёр орны гагнуурын салбарын түншлэлд шинэ дэвшил авчрах энэхүү төслийг Германы Засгийн газар, Шахтбау Нордхаузен компанийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хасу Мегаватт компани, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна. Сургалтыг Эрдэнэт үйлдвэр болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэргэжлийн гагнуурчин багш нар зааж, явуулна. Тэднийг Герман улс болон Улаанбаатар хотын МСҮТ-д нарийн мэргэжлээр дахин сургаж, бэлдсэн байна. Түүнчлэн, төслийн хүрээнд ажиллаж буй Герман багш эхний жилийн сургалтад хичээл зааж, мэргэжлийн гагнуурчны мэргэжил эзэмшүүлэх ажээ. Эрдэнэт хотод үйл ажиллах явуулах Гагнуурын төвд Герман Гагнуурын холбооны аудитын гэрчилгээ гардуулах үеэр аудитор Сильвио Шульц хэлсэн үгэндээ, “Германы Гагнуурын холбооны нэрийн өмнөөс сургалтын төвд аудит хийлээ. Шалгалтын үр дүнгээр энэ сургалтын төвд мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэхэд бэлэн болсныг тогтоож үнэллээ. Германд буй олон улсын сургалт явуулдаг сургуулиудтай харьцуулахад тэдний түвшинд хүрч чадсан байна. Төслийн хэрэгжүүлэгч талууд, багш ажилтан, оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье. Цаашид амжилттай үргэлжилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэхтэй гагнуурчид олноор бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн юм.
Сэтгэгдэл