Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явц, төсвийн талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээллээ. 

Тэрбээр "Дугуй цагаан орчмын тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа. Тохижилтын ажил аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой байсан. Гэсэн ч тус ажил бараг сарын хоцрогдолтой явж байна. Үүнээс шалтгаалан эдийн засаг, инфляцын өсөлттэй холбогдуулан урьдчилсан байдлаар 200 орчим сая төгрөгийн алдагдалд орж, энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай боллоо. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажиллах хүчний асуудал зэрэг наад захын зардлууд өсөлттэй байна. Богино хугацаанд тохижилтын ажлыг дуусгаж, зохион байгуулалттай ажиллах үүргийг Хотын дарга өгсөн. Тус аж ахуйн нэгж машин, техник хэрэгсэл оруулахгүй байгаа. Энэ байдал үргэлжилбэл хот төсвийн алдагдалд орох, тохижилтын ажлын төсөв нэмэгдэх асуудал үүсээд байна.  Тохижилт одоогийн байдлаар 90 хувьтай байгаа. Ариун цэврийн өрөө, тусгай харуул хамгаалалт, кофе шопын байгууламжийн ажил 70 хувьтай үргэлжилж байна. Хот тохижилтын газраас Дугуй цагаан, Бага тэнгэрийн ам, Богд хааны музейн урд талын тохижилтыг гүйцэтгэж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгасан. Гарааш буулгасан байршилд мөн тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна. Түүнчлэн гэр хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа" гэлээ.

Тохижилтын ажлын гүйцэтгэгч “Цагаантолгойн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл “Дугуй цагаан орчмын тохижилтын ажил наадмаас өмнө эхэлсэн. Хүйтрэхээс өмнө ажлаа 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажилласан боловч нэвтрэх хаалганд “Энигма” ХХК-ийн зүгээс машин техник оруулахгүй, ажил зогсонги байдалтай байна” хэмээв.

Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын хүрээнд нийт 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулах ажил хийж гүйцэтгэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа