Бид дэлхийн сонин содон, гайхамшигтай барилга байгууламжуудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Франц улсын Бордо хотын “Cité du Vin” буюу “Дарсны хот” музейг танилцуулж байна.

Франц улс, тэр дундаа тус улсын Бордо хот сайн чанарын дарс үйлдвэрлэдгээрээ олон улсад зартай. Энэ онцлогийг тусгасан шинэ музейн үзмэрүүдэд дарс өөрөө багтаагүй ч дарсны тухай мэдлэг ойлголтыг шинэ технологийн тусламжтай олон нийтэд танилцуулах юм.

81 сая долларын өртгөөр боссон гэгдэх “Дарсны хот” музейн барилгын өвөрмөц загварыг хундаганд цалгиж байгаа дарснаас санаа авч бүтээжээ. Музейн бас нэг онцлог нь технологийн дэвшлийг ашигласан дарсны түүхийг өгүүлэх мультмедиа өрөөнүүд юм. Нэг өрөөнд 3 аварга дэлгэцийн тусламжтайгаар дэлхийн 5 тивийн дарсны усан үзэм тариалдаг талбайнуудаар зочлох боломж олдоно.

Өөр нэг өрөөнд усан үзэм тариалангийн бүс нутгийн талаар ойлголт өгч, олон өнцгөөр байрлуулсан дэлгэц бүхий ширээн дээр ийм тариалангийн дижитал хувилбартай танилцуулах юм. Энэ дижитал тариаланд 4 улирал ээлжилж, үүл нүүн, бороо орохыг ч харах боломж байна. Эртнээс дарс гэх ундааг далайн тээврээр олон бүс нутагт худалдаалж ирсэн түүхтэй. Иймээс түүхэн дэх худалдааны гол замуудаар далайн тээвэр хийж байгаа мэдрэмжийг авах 4 хэмжээст технологийн өрөөг ч байгуулжээ. Бас нэг хөгжилтэй зүйл гэвэл тус музейд байрлуулсан “Цөхрөлийн сандал”. Дарсны шарталтад зориулсан энэхүү аварга сандал дээр суухад хэт согтуурсандаа харамссан уран бүтээлч, яруу найрагчид гансралын түүхээ ярьдаг байна.

Францчууд шарталтыг хүртэл урлагийн бүтээл туурвих сэдэв болгож чаддагийг энэ сандал харууллаа гэж зарим шинжээч хошигнон дүгнэж байгаа юм. Үүнээс өөр олон зориулалттай шинэ технологийн өрөөнүүд Бордо хотын дарсны музейд багтсан байна. Музейн байранд дарс уух боломжгүй ч, тус барилгын 8 дугаар давхар дахь задгай галерейд 20 төрлийн тансаг зэрэглэлийн дарснаас сонгон хүртэж болно. Энэ үйлчилгээний үнийг музейн удирдлага тасалбарын үнэд багтаасан байдаг.

Олны дунд алдаршаад байгаа “Дарсны музей” 2016 онд албан ёсны нээлтээ хийсэн юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа