Инфографик: Шүүх шинжилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Шүүх шинжилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Шинжилгээний байгууллага нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, түүнд үзлэг, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба байна. Шүүх шинжилгээний тухай хуульд дараах зүйлсийг тусгалаа.
Тухайлбал:
ŸЭрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргээс шалтгаалан хохирогч амь насаа алдсан, түүнчлэн сэтгэцэд хор уршиг учирсан бол хохирлыг мөнгөн дүнгээр тооцон тогтоох бөгөөд нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална;
Ÿшүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шинжээчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамж ашигладаг болно;
Ÿшинжилгээ хийлгэх иргэдийн эрх ашгийг хамгаалах, шинжилгээний найдвартай байдлыг хангах, шаардлагатай урвалж бодисын нөөцийг бүрдүүлэх зорилгоор шинжилгээнд ашигладаг урвалж бодис, лабораторийн тоног төхөөрөмжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, нөөцийг бүрдүүлнэ;
Ÿалба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдлийг шүүх шинжилгээний алба хаагчид олгохоос гадна амь нас, эрүүл мэндийг заавал даатгана;
Ÿшинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санд экологийн шинжилгээний санг шинээр нэмж, шинжээч болон бусад алба хаагч нь шинжилгээний байгууллагын шинжилгээний адилтгал, мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглов;
Ÿхуулиар хориглосноос бусад тохиолдолд шүүх, прокурорын зөвшөөрснөөр шинжилгээний дүгнэлтийг хийх журам, шинжлэх ухааны үндэслэлийн талаар хэргийн оролцогчоос бусад этгээдэд мэдээллийг олон нийтэд өгч болно.
Шинжилгээний байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд нутаг дэвсгэрийн, эсхүл тойргийн зарчмаар зохион байгуулагдана.
Шүүх шинжилгээний төв байгууллагын даргаар шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, мэргэжлийн болон удирдах ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлөх бөгөөд тэргүүн дэд дарга, дэд даргаар шинжилгээний байгууллагад наймаас доошгүй жил ажилласан иргэнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
Шүүх шинжилгээний төв байгууллагын дарга шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох талаар зохицуулсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоохоор боллоо.
Хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаас тогтоож дүгнэлт гаргахдаа тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд өөрчлөлт орсон байх, сэтгэцийн шинжилгээг хийлгэсэн байх, уг хор уршиг нь шууд, эсхүл шууд бус хохирогчид учирсан байх, түр зуурын, эсхүл байнгын шинж чанартай сэтгэцийн өөрчлөлт учирсан байх зэрэг нөхцөлийг харгалзан үзэх зохицуулалтыг тусгасан.
Түүнчлэн “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж, “гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно.” гэж, “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоож болно.” гэсэн зохицуулалтыг Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хуульчиллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар
Сэтгэгдэл