Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Цай Вэньруйг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ши Жэ, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар оролцож, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Элчин сайд Цай Вэньруй АТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд авлигын эсрэг үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-ын авлигатай тэмцсэн туршлага, үр дүнг онцлон дурдаж, тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчинг хамгаалах, харилцан туршлага судлах, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зарим хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа авах чиглэлд анхаарч ажиллах талаар санал солилцов.

Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Цай Вэньруй Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, ижил чиг үүрэг бүх байгууллагуудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаар тохиролцов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа