Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Мевлүт Чавушолутай албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг найрсаг, дотноор хүлээн авч байгаад Мевлүт Чавушолу сайдад талархал илэрхийлж, энэ айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгийг онцоллоо.

Мөн өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд туркийн ард түмэнтэй хамт байгаа гэдгээ нотоллоо.

Монгол Улс “гуравдагч хөрш”, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байдгаа тэмдэглэж, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж, “стратегийн түншлэл”-д хүргэх, ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх чиглэлээр 10 жилийн өмнө тавьж байсан зорилтоо талууд бүрэн хэрэгжүүлж, 110 сая ам.долларт хүргээд байгаа бөгөөд түүнийг ойрын хугацаанд үлэмж нэмэгдүүлж, 2 дахин өсгөх, 200 сая ам.долларт хүргэхэд санал нэгдлээ.

Мөн “Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахаар мөн тохиролцлоо.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг талууд шийдвэрлэсэн бөгөөд хоёр орны агаарын тээвэрлэгч компаниуд Улаанбаатар-Истанбул хооронд долоо хоногт өдөр бүр, Улаанбаатар-Анкара, Анталья хооронд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлдэх боломжтой болсныг тэмдэглэж, энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, бизнес харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд чухал гэдгийг талууд онцоллоо.

Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болохуйц томоохон бүтээн байгуулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд төлөвлөж буй төсөл тухайлбал, “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах” зэрэг томоохон төсөлд Турк Улс оролцох боломж байгааг танилцууллаа.

Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулах, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт хамтын ажиллагааг баяжуулах, дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх зэрэгт хувь нэмэр оруулах үр дүнтэй айлчлал боллоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа