НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулав
Нью-Йорк хотноо энэ оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы хүрээнд Бразил, Йордан, Кот д’Ивуар, Монгол, Саудын Араб, Украин, Чили зэрэг 7 улс “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд” хянан хэлэлцэх сэдвээр үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна.
Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар энэ 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын сайн дурын илтгэлийг танилцуулав.
Дэд сайд П.Зулпхар манай улсын Засгийн газар “Алсын хараа 2050” хөгжлийн урт хугацааны бодлогын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 5 дугаар зорилт дахь “жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх” чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлж, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах чиглэлээрх хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлснээр хөдөөгийн эмэгтэйчүүдийн онцлогийг хөдөлмөрийн харилцаа, нийгмийн халамжийн тогтолцоонд тусган харгалздаг болсон төдийгүй малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн талаар дэд сайд П.Зулпхар дурьдав.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ажлын байрыг эмэгтэйчүүдэд ээлтэй орчин байлгах, чингэхдээ ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгахын сацуу хүүхэд харах, асрах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарсныг мөн онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлаас улбаалан нийгэм, эдийн засгийн салбарт гарсан сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүд, охидод чиглэсэн нийгэм, эдийн засаг, боловсролын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарахын сацуу жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр иргэний нийгэм, түнш болон хандивлагч улсууд болон НҮБ, түүний системийн байгууллагуудтай улам идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Манай улсын сайн дурын илтгэлийн түнш улс буюу Канад, Киргизстан Улсын төлөөлөгчид далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл болон шийдэл, хүүхэд асрах үйлчилгээ болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний талаар асуулт тавьж, санал солилцов.
Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулган энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл