Ирэх хичээлийн шинэ жилтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр КОВИД 19 цар тахал дэлхийн 216 улсыг хамарч, 16.6 сая хүн халдвар аваад байна. Манай улсын хувьд энэ вирус гаднаас зөөвөрлөгдөж, өнөөдрийн байдлаар 218 хүн эдгэрсэн, дотооддоо алдаагүй гэсэн сайхан мэдээтэй байгаа. Гэвч Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлөө хэвээр хадгалан хугацааг энэ оны 8 сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Манай улс цар тахлын эрсдлийн үнэлгээгээ өнгөрсөн 7 хоногт дахин хийж “өндөр” гэсэн үнэлгээ хэвээр батлагдсан.
Нөхцөл байдал амаргүй, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэндээ тасралтгүй чанартай боловсрол олгох, мэдлэгийг баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан шийдвэр гаргалаа. Шийдвэртэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, холбогдох газрын дарга нарын хамт мэдээлэл хийлээ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн хичээлийг танхимын болон танхимын бус /теле болон цахим хичээл/ хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгэн зэрэг эхэлнэ.
Олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож дараах байдлаар эхлүүлэхээр боллоо. Үүнд:
1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс
3. Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны Даваа гарагаас эхлүүлнэ.
Танхимын сургалт зохион байгуулахад халдвар, хамгааллын дэглэм баримтлах, хичээлийн тоо, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог тус тус бууруулахаар шийдвэрлэсний дагуу дараах төлөвлөлтийг хийв.
Эрүүл мэндийн яамны зөвлөмжөөр халдвар гарч болзошгүй эрсдэлийг 50 хувь бууруулах зорилгоор сум, баг, тосгоны ерөнхий боловсролын сургууль танхимын хэлбэрээр хичээлийг зохион байгуулах бол аймгийн төв, нийслэлийн сургуулийн хичээлийг 3 өдөр танхимаар, 2 өдөр танхимын хэлбэрээр явуулахаар төлөвлөлөө.
Улсын хэмжээнд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүхэлд нь хамруулах бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онолын хичээлийг цахимаар, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг 7 хоногт 2-3 өдөр танхимаар зохион байгуулна.
Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг явуулна.
Суралцагч, багш, ажилтныг халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай журам, заавар, удирдамж, зөвлөмжийг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр, хураамжийг эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр сар, улирлаар төлөх уян хатан зохицуулах арга хэмжээ авна.
Бид өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж амьдарч байна, нийгмийн амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгдсөн, энэ хүнд цаг үед хичээл эхлүүлэх шийдвэр гаргаж байгааг иргэн бүр, эцэг эх, хүүхдүүд ойлгон зохион байгуулалтыг хүлээн авах хэрэгтэй. Нөхцөл байдал сайжрах үед хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжих боломжтой.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө, тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж төхөөрөмж зэрэгт шаардагдах зардлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж шийдвэрлэхээр боллоо.
Хичээлийн жилийн бэлтгэл хангахтай холбоотой үйл ажиллагааны талаар БШУЯ долоо хоног бүр дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана.
Сэтгэгдэл