- Сэтгүүлч
- 2023/05/01
- 234
“Алтанбулаг” боомтын өргөтгөлийн ажил 2023 онд бүрэн дуусна
”Монгол Улсад зочлох жил 2023 -2025” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Хил хамгаалах газар болон холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд "Алтанбулаг", "Сүхбаатар" боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны 7 сард эхлүүлсэн юм.
Гэвч ковид цар тахлын улмаас нэг жил завсарласан тухай төсөл гүйцэтгэгч нар хэлж байв. Иймд уг ажлыг эрчимжүүлэх, төр, орон нутаг, гүйцэтгэгч байгууллагын уялдаа холбоог хангаж, ажлыг саадгүй урагшлуулахад БОАЖЯ анхаарч ажиллана.
Төслийн хүрээнд "Алтанбулаг" хилийн боомтын хувьд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6,000 м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7,000 м.кв авто зогсоол, 30,000 м.кв зам талбай барих мөн хяналтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдэх юм.
"Алтанбулаг" боомт нь өнөөдрийн байдлаар өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрдэг бол Боомтын шинэчлэл хийгдсэний дараа "Алтанбулаг" боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл