Цөөн хүн амтай улс орнууд авлигыг илрүүлэх, түүнтэй тэмцэхэд тодорхой бэрхшээлтэй тулгардаг тухай би өмнөх нийтлэлдээ дурдаж байсан. Хүн бүр нэг нэгнээ мэддэг газарт шийдвэр гаргах албан тушаалтан болон оролцогч талуудын хооронд хувийн харилцаа холбоо үүсэх нь бараг л тодорхой зүйл юм. Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад хүндрэл учруулаад зогсохгүй төрийн шийдвэр гаргах үйл явц бодитоор явуулах хүчин чармайлтыг сааруулах албан бус соёлыг бий болгодог байна.

Цөөн хүн амтай улс орнуудад авлигаас үүдэлтэй асуудлууд нь тодорхой шийдлүүдийг шаарддаг. Эдгээр асуудлыг шийдэхэд тус болох хэд хэдэн арга байдаг:

§  Авлигыг нэрээр нь нэрлэх: Нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос урьтал болгох буюу төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд үйлчлэх нь авлигын нэг хэлбэр юм. Уг харилцаа нь ихэвчлэн мөнгө өгч авалцдаггүй нь олон нийтийн итгэлийг урвуулан ашигласан үйлдлээ авлигын шинжтэй үйлдэл гэхээсээ илүүтэй хүмүүс хоорондын буюу нийгмийн харилцаа мэт харагдуулдаг байна. Дээрх үйлдлийг зүгээр өнгөрөөсөөр байвал авлигатай тэмцэх ямар ч хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй. Иймд авлигын энэ хэлбэрийг хэвийн бус үйлдэл гэдгийг нийтийн дунд хэвшүүлэхийн тулд ураг төрлийн авлигын шалтгаан, илрэх хэлбэр, түүнээс үүдэлтэй хор уршгийг олон нийтэд тогтмол мэдээлж системтэй боловсрол олгох шаардлагатай байна.

§  Олон нийтийн санаа бодлыг ашиглах: Нягтарсан нийгмийн бүлэг, энэ бүлэгт магадгүй албан бус нийгмийн хориг арга хэмжээ нь (нийгмийн гадуурхалт, хавчлага болон гутаан доромжлол) илүү хүчтэй байж авлигыг хязгаарлах ач холбогдлыг нэмэгдүүлж болох юм. Дээр дурдсанчлан, өөрийн ойр дотнын хүмүүст эрх мэдлээ ашиглан туслалцаа үзүүлж байгаа үйлдлийг нийтээрээ авлигын нэг хэлбэр гэж хүлээж авахгүй, энгийн үзэгдэл мэт үзэх нь олон нийтийн өмнө ч ичиж, санаа зовохгүй байх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм. Гэвч авлигын эсрэг тэмцэгчид шударга ёсыг бэхжүүлэхийн тулд зүй бус үйлдэл гаргасан этгээдийг ичгүүртэй байдалд оруулах болон нийгмийн бусад хориг арга хэмжээг ашиглах арга замыг хайж олох шаардлагатай.

§  Шийдвэр гаргах үйл явцад эр бүхий албан тушаалтан нь хувь хүний үзэл суртлаас ангид, нөлөөнд автахгүй байх: Дээр дурдсанчлан цөөн хүн амтай нийгэмд олон хүн амтай нийгэмд хэрэгжих боломжтой ашиг сонирхлын зөрчлийн хатуу дүрмийг хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Цаашилбал, “албан ёсны” ашиг сонирхлын зөрчилгүй байсан ч жижиг улс орнуудад төрийн шийдвэр гаргагчид шийдвэрт нь нөлөөлөх зарим хүмүүстэй хувийн харилцаа холбоотой байх магадлал өндөр байдаг. Жишээлбэл, ажилд томилох үүрэг бүхий албан тушаалтнууд ажилд орохоор хүсэлт гаргасан хүмүүсийн дор хаяж нэгтэй нь холбоотой байдаг. Тиймээс цөөн хүн амтай улс орнууд аль болох хувийн холбоо хамаарлыг арилгахад илүү их анхаарал хандуулах ёстой.

§  Олон улсын хамтын ажиллагаа: Жижиг улс орнуудын хувьд авлигын эсрэг хуулиудыг идэвхтэй хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлийг даван туулах өөр нэг арга бол олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжийг эрэлхийлэх явдал юм. Жишээлбэл, олон улсын хамтын ажиллагаа. Зөвхөн гаднын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлал бага гэх ойлголтын улмаас бус цөөн хүн амтай улс орнуудад авлигатай тэмцэх зэрэг аливаа асуудалд өндөр түвшний мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдагтай холбоотой юм. Тухайлбал, олон улсаас зохих мэргэжилтэй боловсон хүчин хэлбэрээр тусламж, дэмжлэг үзүүлбэл учирч буй хүндрэлийг хөнгөвчилж болно.

Авлигатай тэмцэхэд нэг төрлийн арга барил байдаггүй, бүх жижиг улс оронд авлигатай тэмцэх нэг жор байдаггүй нь бас үнэн. Гэсэн хэдий ч маш жижиг харьяаллын бүсүүдэд авлигатай тэмцэх стратеги боловсруулахдаа эдгээр улсуудад тулгардаг нийтлэг сорилтуудыг хүлээн зөвшөөрч, жижиг байдлын зарим давуу талыг ашиглахын зэрэгцээ сул талыг нь арилгах авлигын эсрэг стратегийг боловсруулах нь ашигтай юм.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа