- Сэтгүүлч
- 2023/09/06
- 188
Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч байна
Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна.
Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой юм. Нийт 20 баг 21 аймаг, есөн дүүргийн 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаа авах бөгөөд есдүгээр сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал 70 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Амьдрах орчны аюулгүй байдлыг тодорхойлохдоо эрүүл, аюулгүй орчинд амьдарч байна уу, түгжрэлгүй замд зорчиж байна уу, ус хүлээн авч буй шугам хоолой нь аюулгүй байж, үер, усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг судална. Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлахдаа хохирогчийн эрхийг хамгаалж, хохирлыг барагдуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх байдлаар хууль, эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад иргэдийн хандах хандлага, итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.
Ташрамд, дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулжээ. Олон улсын хэмжээнд тус судалгаагаар хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл