НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.

Нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллагын таван барилга болон ус түгээх таван байрыг бүртгэн авлаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар  цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх дөрвөн байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг  нийслэлийн өмчид бүртгэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын зарим гудамжийг нэршүүлэв. Тухайлбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын  алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Криштоф Бойко, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан Польш, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопэний нэрэмжит болгох хүсэлт ирүүлсний дагуу ийн шийдвэрлэсэн байна. 

Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв. ОХУ-ын Улаан-Үд хотын захиргаанаас НИТХ-ын даргад хандан Улаанбаатар, Улаан-Үд хотын найрамдалт харилцаа болон Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нэгэн гудамжийг ЗХУ-ын эмч Соболева Любовь Сергеевнагийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна.  Л.С.Соболева нь 1943 онд Монгол Улсад тахлын эсрэг станцын даргаар томилогдож ирсэн бөгөөд Монголын нийгэмд хор хөнөөл учруулах аюулт өвчинтэй тэмцэх, европ тогтолцооны эрүүл мэндийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Монгол эмч нарыг халдвар өвчний чиглэлээр бэлтгэх дэд бүтцийн бий болгосны сацуу 1945 оны наймдугаар сард Завхан аймагт дэгдсэн тарваган тахал өвчнөөр өвдсөн таван настай Өвгөнбүргэд хүүг Любовь Соболева авч эмчилж байжээ. Хожим нь хүү анагаахын дээд сургуулийг эмчийн мэргэжлээр суралцан төгсөж, Халхын голын эмнэлгийн эрхлэгч болжээ. 

Манай улс Л.С.Соболевагийн хөдөлмөр, гавьяаг үнэлж Алтангадас одоогоор, дараа нь 1964 онд БНМАУ-ын төрийн дээд одон болох Сүхбаатарын одонгоор шагнаж байсан. Мөн 1979 онд Любовь Сергеевна Соболевагийн намтар түүхийг үгүйлсэн «Есөн өдөр ба бүхэл бүтэн амьдрал» хэмээх баримтат кино хийж байжээ. 

Хуралдааны үеэр “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна. Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа  Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” хэмээн онцолж байв. Иймд тус саналыг салбар яам руу уламжлахаар боллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа