УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Н.Наранбаатар танилцуулав.

Технологийн хөгжилтэй зэрэгцэн бидний өдөр тутмын амьдрал цахим орчин, олон нийтийн сүлжээнд өрнөх болж, худалдаа наймаагаа хийх, мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, хуваалцах зэрэг явдал нь ердийн үзэгдэл болж хэвшсэн байна. Технологийн дэвшил нь мэдээлэл, бараа, үйлчилгээ солилцоонд өндөр  хурд авчирч, холыг ойртуулж, хоёрыг уулзуулж байгаа хэдий ч үүнийг дагасан сөрөг үр дагавар, аюул эрсдэл үүсгэж байна.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо, хохирол асар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээр зөвхөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн 8,563 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ганцхан жилийн дотор цахимаар залилах гэмт хэрэг 99.8 хувиар буюу 2 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 18.5 дахин, бусдын эд хөрөнгийн авахаар заналхийлэх гэмт хэрэг 8.9 дахин өсчээ.  Энэ бүх тоо статистикийг дурьдаад өнгөрөх нэг хэрэг. Нугарч өссөн тоо хэмжээ, хувь бүрийн цаана монгол хүний амьдрал, хувь заяа, амь нас, эрүүл мэнд, хүүхдийн ирээдүй, насан туршид нь үл арилах сэтгэлийн шарх, гэмтэл үлдэж хоцорно гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан. Зөвхөн өнгөрсөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж.

Цахим орчин дахь гэмт хэрэг огцом хурдан өсч байхад түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэртэй тэмцэх ажил удаан байна, хуучинсаг байна. Шинэ орчны гэмт хэрэгтэй шинэ орчинд нь тэмцэх шаардлага байгааг тэрбээр дурдсан юм.

Олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгаварлан гадуурхалд өртдөггүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ баталгаатай эдэлдэг байх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээнд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй контентыг нэн яаралтай тодорхойлох, олж илрүүлэх, таслан зогсоох, цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь энэ хуулийн зорилго гэлээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хүний захидал харилцааны нууцад халдахгүй. Олон нийтийн буюу 3 ба түүнээс дээш хэрэглэгчтэй цахим сүлжээнд нийтэд хүний эрхэнд халдсан, гэмт хэргийн шинж бүхий сөрөг агуулгатай контент нийтлэх, түгээх харилцаанд хамааруулж зохицуулсан. Хэрэглэгчийн эрх үүрэг, хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн агуулга бүхий контенттой тэмцэх тогтолцоог тогтоож өгчээ.

Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээд гэж хэнийг хэлэх, ямар эрх, үүрэгтэй байх, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, хэрэв Монгол Улсаас бүртгэлтэй 300,000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар нээж ажиллуулах, хэрэглэгчийг баталгаатай утасны дугаар, эсхүл цахим шуудангийн хаягаар баталгаажуулан бүртгэх, зөрчилтэй контентын талаарх олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, 7 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй болохыг тусгасан байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь төр дангаар хийх боломжгүй тул технологийн салбарын мэргэжлийн шинжээч, судлаачид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын идэвхтэй оролцох бололцоог хуульчлан баталгаажуулахаар төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.

Зөрчилтэй контентыг хянан шийдвэрлэх, олон нийтийн сүлжээний эрхлэгчтэй хамтран ажиллах нэгж байна. Хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй контентыг 24 цагаар тасралтгүй илрүүлж, оношлон тодорхойлж, нэн яаралтай горимоор сүлжээ эрхлэгчид нотлон мэдээлэх үүрэгтэй ажиллах юм байна.  Уг нэгжийг улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцэд багтаан байгуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газрын яамд, холбогдох байгууллагуудаас санал авч, төсөл боловсруулах ажилд оролцоог нь ханган ажилласан байна. 

Түүнчлэн хувь хүний хуулиар тогтоосон алдар нэрийг хүндэтгэх зарчмыг бэхжүүлэх үүднээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хувийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэхдээ мэдээллийн эзэнд нь мэдэгдэл хүргэх зарчмыг баримталж, нийтийн албан тушаалтан төрийн байгууллага хувь хүний мэдээлэлд хүндэтгэлтэй хандах, ямарваа байдлаар олон нийтийн сүлжээнд дэлгэдэг зохисгүй байдлыг бүрмөсөн хориглох болно. Үүний эхлэл болгож татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа бөгөөд, удаа дараа татварын зөрчил гаргасан хүний хувьд тухайн хүнд нь мэдэгдэл хүргэсэний үндсэн дээр зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, зөрчлийн мэдээллийн хамт олон нийтэд нийтэлж, мэдээлж болох тухай агуулгуудыг төсөлд тусгажээ.

Засгийн газраас Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Э.Батшугар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон ажлын хэсгээс хариулт авсан.

Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 43 гишүүний 60.5 хувь нь дэмжсэн, иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа