Монгол орны ховор амьтан цаа бугын тухай сонирхолтой баримтаас хуваалцъя. Биеийн урт 220 см, сэрвээний өндөр 140 см, жин 300 кг хүрнэ. Бие нь гонзгойвтор, хөл харьцангуй богино, хүзүү урт, чих жижгэвтэр, үзүүр мохоодуу. Зун хүрэн буурал, бүдэг эрээлж бүхий жигд бор, өвөл бараавтар эрээлж бүхий цайвар саарал зүстэй.
 
Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ. Ороо нийлэг 10 сард болж, этэр 15 хүртэл манжиг хурааж хээлтүүлнэ.
 
Хээл авсан мянжиг хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээж 5, 6 сард төллөж намар орой болтол хөхүүлнэ. Этрийн эвэр орооны дараа 12, 1 сард, хээлтэй манжгийнх төллөсний дараа 6 сард, сувай манжгийнх 2 сард унаад, 8 сарын сүүлчээр ургаж дуусна.
 
Өвөл хаг, хөвд, мод, бутны мөчир, нахиа, найлзуураар идээшилнэ. Зун элдэв ногоо, хаг хөвд, бутны навч, найлзуур, мөөг иднэ. Зун өглөө орой, өвөл голдуу өдөр бэлчээрлэнэ. Сүрэг янз бүрийн насны манжиг, этэр, төлөөс бүрдэнэ.
 
Хөвсгөл нуур орчмын өндөр уулсын зоо, тагийн бүслүүрийн д.т. 2300-3000 м өндөрт алаг цоог тархацтай. Монголд Улаан тайгын нурууны Жамс, баруун зүүн Жодог, Бяранга, Тэнгис, Шарга голын эх, Хөвсгөл нуурын Хэвэн, Залуу үүрийн сарьдаг, Хэвэн, Залуу үүр голын эх 1600-аад ам. км нутагт тархана.
 
Зун ойн бүсээс дээш сарьдаг, тагийн хаг, хөвд, сөөг бүхий царамд, өвөл, хавар уулын ойн дээд бүслүүрт бэлчинэ. Буган цаа 10 сарын эхнээс Саяны өндөр уулсын ар бэлээс өвөр лүү нүүдэллэн ирж, дараа оны шар усны үер болохоос урьтаж буцан нүүдэллэдэг.
 
Төрөл зүйлийнхээ цорын ганц төлөөлөгч цаа бугыг хойд Азид гаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг.
 
Уг амьтан нь алхах үедээ туурайгаа хавирч явдаг учир хөлнөөс нь хонх жингэнэж байгаа мэт өвөрмөц содон дуу авиа гардаг. Тиймээс цаа буганууд ямар ч зузаан цас, хүчтэй шуурга, алс хол газар байсан нэгнийхээ чимээг сонсон урагшилсаар сүргээсээ тасарч, төөрдөггүй байна.
 
Цааны нүд өнгөө хувиргадаг. Тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10-ны хугацаанд нүд нь алтан шаргал өнгөтэй болдог. Есдүгээр сарын 10-наас хойш хойд тундрт 3 сар өдөр болдоггүй шөнөөрөө байдаг. Шөнө, цасны дороос ухаж ургамлаа танин мэдэх үед нүд нь хөх өнгөтэй болдог. Хөх өнгөтэй болохоор цаа өдөр, шөнөгүй хардаг.
 
 
Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай.
 
Цаа бугын арьс их гөлгөр ямар ч тохиолдолд халцардаггүй, юманд үрэгдсэн халтирсан үед зулгардаггүй, дулаахан байдаг байна.
 
Монголд 1953 оноос цаа буга агнахыг хуулиар хориглон, амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулж Монгол Улсын "Улаан ном"-д “нэн ховор” зэрэглэлээр бүртгэсэн. Тархац нутгийн ихэнх хэсэг нь Хорьдол-Сарьдгийн дархан цаазат газар, Улаан тайга болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хамрагдаад байна.
 
 
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа