Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. 

Монголбанк 2018 онд Мөнгөний бодлогын зөвлөлийг хороо болгож, бүтцийг нь өөрчлөн, шинэчлэн байгуулсан нь ямар ялгарах онцлогтой вэ? Мөнгөний бодлогын хараат бус байдлыг хангахад Мөнгөний бодлогын хороо ямар давуу талыг бий болгодог вэ?

Төв банкны хараат бус байдлыг хэмжихдээ зорилгодоо хүрэх бодлогын хэрэгслийг сонгох, хэрэгжүүлэх эрх нь хэр хангагдсан байдаг бэ гэдгээр тодорхойлдог. Жил бүр УиХ-аас мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталдаг. Харин тэр бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой бодлогын шийдвэрийг мөнгөний бодлогын хороо гаргаж, монголбанк хэрэгжүүлдэг. энэ зохицуулалтыг тусгасан Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2018.04.01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Үүнээс өмнө монголбанкны Ерөнхийлөгч гишүүдийг нь томилдог мөнгөний бодлогын зөвлөлтэй байсан. энэ зөвлөл нь эцсийн шийдвэрийг бие даан гаргах эрхтэй Ерөнхийлөгчид зөвхөн зөвлөдөг байсан. Харин сая хэлсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, УиХ-аас гишүүдийг нь томилдог мөнгөний бодлогын хороотой болсон. Тэгэхээр яг ижил субъектээс томилогдож байгаа гэдэг утгаараа мөнгөний бодлогын хорооны гишүүд Төв банкны мөнгөний бодлогын газраас танилцуулсан саналыг хэлэлцээд, бие даан, олонхийн саналаар шийдвэр гаргадаг. Тэгэхээр засаглалын шинэчлэл хийгдэж, Төв банкны хараат бус байдал сайжирсан гэсэн үг. Шинээр байгуулагдсан Мөнгөний бодлогын хороо байгуулагдсанаасаа хойш амаргүй шийдвэрүүдийг гаргасан гэж бодож байна.

Өнгөрсөн хугацаан дахь мөнгөний бодлогын шийдвэрүүдийн үр дүнтэй байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

Мөнгөний бодлогын хорооны анхны хурал 2018 оны 6 дугаар сарын 15-нд болж байсан. Тухайн үед хоёр шийдвэр гаргасан. нэгдүгээрт, мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах, хоёрдугаарт, хэрэглээний зээлд өр-орлогын харьцааг шинэчлэн тогтоох тухай байсан. Эдгээр шийдвэр нь өмнөхтэй харьцуулбал санхүүгийн тогтвортой байдлыг хангахад илүү чиглэсэн шийдвэр болсон. Хэдийгээр тухайн үед хэрэглээний зээл яг эдийн засагт дарамт үзүүлээгүй байсан ч ирээдүйд өрхийн секторын өрийн дарамтыг нэмэгдүүлэх хандлагатай байна гэж үзсэнээр шийдвэр гарч байлаа. Өнөөдөр энэ шийдвэр нь зөв байсныг статистик тоо мэдээлэл харуулж байна. Хэрэв өрийн дарамтыг бууруулаагүй бол өнөөдөр илүү их хүндрэлтэй тулгарах байсан. Ер нь бодлогын шийдвэр гаргахад тодорхой бус байдал их байдаг. Хамгийн сүүлд 9 дүгээр сард мөнгөний бодлогын хороо хуралдахад “бодлогын санал” гэдэг нэг нүүр танилцуулгад байгаа 14-15 өгүүлбэрийн 7-8 нь “тодорхой бус байна” гэж байсан байх жишээний. Тодорхой бус байдал сүүлийн 2-3 жилд ер нь л арилаагүй. Зөвхөн цар тахалтай холбоотой ч бус ер нь дэлхийн эдийн засаг дахь тодорхой бус байдал хэвээр хадгалагдаж байна. Өмнө нь их гүрнүүдийн худалдааны дайн зэрэг тодорхой бус байдал их байсан бол 2020 он гарснаас хойш цар тахалтай холбоотойгоор тодорхой бус байдал улам л нэмэгдсэн. Тэгэхээр ийм нөхцөл байдалд ирээдүйг харсан шийдвэр гаргана гэдэг амаргүй. бид улирал болгон хуралддаг. Хурал болгоноор төсөөлөл шинэчлэгддэг бөгөөд тухайн төсөөлөлд үндэслээд бодлогын шийдвэрийг гаргадаг. Өнгөрсөн жилүүдэд 5-6 хурал дарааллаад бодлогын хүүг хэвээр үлдээсэн шүү дээ. Тэр маань юуг илэрхийлж байна вэ гэхээр тодорхой бус байдал сайжраагүй л гэсэн үг. Харин 2020 он гарснаас хойш гурван ч удаа бодлогын хүүг бууруулсан нь цар тахлын үед эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой байсан.

Олон улсын Төв банкуудын гаргаж байгаа шийдвэрүүдийг мөнгөний бодлогын шийдвэртээ хэрхэн харгалзан үзэж байна вэ, ялангуяа, ковид-19 цар тахлын үед бодлогын хүүгээ бууруулах шийдвэр хэд хэдэн удаа гаргалаа шүү дээ?

Манайх шиг жижиг, нээлттэй улсын хувьд гадаад зах зээлийн нөхцөл байдал маш чухал. ялангуяа урд хөрш БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал, гадаад зах зээлийн нөхцөл байдал их нөлөөтэй. Өмнө нь бид гадаад зах зээл дээр бонд гаргадаггүй, зээл авдаггүй байх үед худалдааны нөлөө илүү хүчтэй байсан. Сүүлийн үед бид олон улсын зах зээл дээр хэд хэдэн бонд гаргачихсан, дахин санхүүжилтийн хэрэгцээ их байгаа үед санхүүгийн зах зээл дээрх өөрчлөлт, ялангуяа бусад Төв банкуудын зах зээлдээ нийлүүлж байгаа уламжлалт бус бодлогын нөлөө хүчтэй болсон. Худалдааны хувьд мэдээж Хятадын эдийн засгийн өсөлт буюу дотоод эрэлт нь манай экспортын бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлөх учраас байнга харж байдаг. Хамгийн сүүлд болсон хурлаар Хятадын эдийн засгийн төлөв байдлын төсөөлөл нааштай байсан нь бодлогын хүүг бууруулахад эерэгээр нөлөөлсөн.

Төв банкууд мөнгөний бодлогын уламжлалт бус арга хэрэгслийг их хэрэгжүүлж байна. Монголбанкны хувьд ч бас цаашдаа уламжлалт бус бодлогын арга хэрэгсэл рүү зорих уу?

Дэлхийн Төв банкууд уламжлалт бус бодлого руу орж байгаа. Гэхдээ үүн дээр ОУВС-аас хоёр зүйл зөвлөсөн байсан. Уламжлалт бус бодлого үр дүнтэй байхын тулд нэгдүгээрт, санхүүгийн зах зээлийн хөгжил чухал юм байна. Хоёрдугаарт, тухайн улсын засаглал буюу институцийн чадавх. энэ хоёр үзүүлэлт нь уламжлалт бус бодлого үр дүнтэй хэрэгжих үү гэдэг дээр их чухал нөлөөтэй гэсэн байгаа. энэ агуулгаараа бид ч бас их анхаарал хандуулж байна. Хэдийгээр уламжлалт бус бодлогын зорилго, бодлого зөв байх хэдий ч, хэрэгжилт дээрээ сайн анхаарахгүй бол эдийн засгийнхаа тэнцвэртэй хөгжил, зах зээлийн үр ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй. мөнгөний бодлогын хорооны сүүлийн хурлаар уламжлалт бус бодлогын хүрээнд Төв банкнаас репо санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах замаар банкуудын тодорхой секторт олгосон зээлээр баталгаажсан активыг репо хэлцлээр 2 хүртлэх жилийн хугацаатай авах эрхийг нээж өгсөн. энэ хүрээнд бэлтгэл ажил хангагдаж байгаа. мөнгөний бодлогын хүүг бууруулсан шийдвэр 2-4 улирлын дараа эдийн засаг, санхүүгийн системдээ нөлөөлж эхэлдэг. Харин репо санхүүжилтээр банкуудын активыг худалдан авснаар илүү богино хугацаанд банкуудын зээл гаргах сонирхлыг нэмэгдүүлэх буюу санхүүгийн зуучлалыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Энэ нь уул уурхайн бус салбарын экспортыг дэмжихийн зэрэгцээ дотоодын зээл олголтыг нэмэгдүүлнэ. Наймдугаар сарын байдлаар зээл олголт өмнөх жилтэйгээ харьцуулахад 5 хувиар буурсан байгаа. Тэгэхээр бодит секторыг дэмжих хэрэгцээ өндөр байна гэсэн үг.

Хоёр жилийн хугацаатай репо санхүүжилт нэвтрүүлэх шийдвэр нь Мөнгөний бодлогын хорооны гишүүдийн дунд хэр их мэтгэлцээн үүсгэсэн бэ, зөрүүтэй байр суурь байсан уу?

Хоёр зүйл яригдсан л даа. эхнийх нь энэ хоёр алхмыг зэрэг явуулах хэрэгцээ байна уу, үгүй юу гэдэг асуудал. бодлогын хүүг дарааллан буулгасан байгаагийн үр дүн гарч амжаагүй байгаа. Тэгэхээр өмнөх шийдвэрүүдийнхээ үр дүнг харах хэрэгтэй юу гэх асуудал. Хоёрдугаарт, энэ шийдвэрийн зорилго мэдээж ойлгомжтой. гэхдээ хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой байхгүй бол зах зээл дээр тэгш бус өрсөлдөөнийг бий болгох вий гэсэн болгоомжлол байгаа. Аливаа төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ үр ашиг, тэгш байдлын хүрээнд оновчтой сонголтыг хийхгүй бол зах зээл дээр гажуудал бий болгох эрсдэлтэй. Гэхдээ хорооны хурлаар нэгэнт бодит сектор агшчихсан, дотоодын зах зээл дэх албан бус секторт ажил эрхлэлт бидний төсөөлж байснаас ч ихээр хумигдсан гэж үзсэн учраас бодлогын хүүг бууруулахаас гадна репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Бодлогын шийдвэрийн үр нөлөөтэй байдлын талаар та дурдлаа. Тэгэхээр мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөтэй байдлыг хангахад засгийн газрын төсвийн бодлого хүндрэл учруулах тал байдаг. энэ талаар?

Төсвийн хувьд өнгөрсөн оны мөн үед 500 тэрбум төгрөгийн ашигтай байсан бол одоогийн байдлаар 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай байна. энэхүү алдагдал нь төсвийн гадаад, дотоод өрийг нэмэгдүүлдэг. Өр нэмэгдэх нь зээлийн хүүгээр дамжаад төсвийн зардлыг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. мөн дунд хугацаандаа зээлжих зэрэглэл муудах зэргээр шууд бусаар эдийн засгийн бусад салбартаа сөргөөр нөлөөлдөг. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодын банкны системээсээ зээл авбал, бидний хэлдгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахан гаргах үзэгдэлд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогоор хувийн хэвшлийг дэмжих орон зайг хумидаг гэсэн үг. Гадаад талаасаа өндөр өртөгтэй бонд гаргалаа гэхэд зөв зарцуулахгүй бол тэрхүү өрийн дарамт нь эргээд өрх гэр, татвар төлөгчдийн нуруунд ачаа болдог. Иймд аль ч агуулгаар харсан төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай. Мөнгөний бодлогын сүүлийн шийдвэрийг гаргахдаа бид төсвийн нөхцөл байдал ирэх оноос харьцангуй сайжирна гэсэн төсөөлөлд үндэслэсэн. Монголбанкнаас дунд хугацаанд инфляцын зорилтыг 6 орчим хувьд тогтворжуулахыг зорьж байна.

Тэгэхээр томоохон эдийн засгуудын хувьд аль болох олон жилийн дараах нөхцөл байдлыг харж, эдийн засгийнхаа хүлээлтийг удирдахыг зорьдог. энэ чиглэлд чадавх ямар байна гэж үзэж байна вэ?

Монголбанк макро эдийн засгийн үндсэн загваруудыг олон жил хөгжүүлж ирсэн. байнга сайжруулж байдаг. Загвар дээр үндэслэн төсөөллийг боловсруулж, “expert judgement” буюу бодит байдал дээр гарч болох зарим нөхцөл байдлыг загвартаа оруулж, залруулснаар бодлогын саналыг боловсруулдаг. богино, дунд, урт хугацааны загварчлал бүгд өөр өөр. Тэр бүгдийг сайжруулахад Төв банкны загварчлалын нэгж маш их анхаарч ажилладаг. Яг манай улсын хувьд хүндрэлтэй зүйл юу вэ гэхээр жижиг, нээлттэй, уул уурхайд суурилсан эдийн засгийн бүтэцтэй байгаад байна. Ийм эдийн засагт аливаа өөрчлөлт маш богино хугацаанд ороод, богино хугацаанд гардаг. Та бүхэн санаж байгаа бол 2010, 2011 онд уул уурхайн салбар сэргэхэд тэр өөрчлөлт эдийн засагт ямар хурдан шингэж, бүр "халалтад" очсон билээ дээ. Тэр үед төгрөгийн ханшаа хэт чангарахаас яаж сэргийлэх вэ гэдэг асуудлыг ярьж байсан. манай эдийн засаг төрөлжилт багатай учраас өөрчлөлтийг маш хурдтай авдаг. Мөнгөний бодлого эдийн засгийн эрэлтийн талын зохицуулалтуудыг хийдэг. Үүний тулд богино хугацааны загваруудад илүү их анхаарал хандуулдаг. Харин Засгийн газар дунд, урт хугацааны хөгжлийн асуудалд анхаарал хандуулдаг учраас тэр талын загваруудаа илүү их хөгжүүлдэг байх.

Төв банк эдийн засгийн бодлогын хувьд богино, дунд гэхээсээ илүү урт хугацааны тогтвортой байдлыг хангах хэрэгтэй байх?

Эдийн засгийн онолоор эрэлт богино хугацаанд үнээ дагаад хөдөлдөг. Харин нийлүүлэлт урт хугацаанд буюу технологийн шийдэл болон бусад хүчин зүйлээс хамаарч хөдөлдөг. энгийн нэг загвар дээр графикийг зурахад эрэлтийн муруй богино хугацаанд хөдөлдөг, харин нийлүүлэлтийн муруй хөдөлдөггүй. Тэгэхээр Төв банкны хувьд эрэлт талаа удирдаж байдаг. Харин Засгийн газар нийлүүлэлтийн талын асуудал буюу урт хугацааны хөгжлийн дэд бүтцээ сайжруулах зэрэгт анхаарал хандуулдаг. Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд зах зээлд оролцогчдын мэдлэг, боловсрол чухал гэдэг утгаараа санхүүгийн боловсролд анхаарал хандуулж байна. Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн асуудалд Засгийн газрын түвшинд нэгдсэн бодлогоор тасралтгүй, тогтвортой, ахиц гаргасан чиглэлд явж байж л энэ шийдэгдэнэ. Манай нэг дутагдал нь бүтцийн өөрчлөлтийн бодлогыг нэг их ярьдаггүй. мөнгөний бодлого болон төсвийн бодлого гэж ярьдаг. Сангийн бодлого гэж ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого буюу төсвөө л хийх талаар ярьж байна гэсэн үг. Түүнээс биш сангийн бодлого буюу эдийн засгийг тогтворжуулах чиглэлд төсвийг ашиглах талаар ярьдаггүй. Хоёрдугаарт, бүтцийн өөрчлөлтийн бодлого буюу эдийн засгийн бүтцийг зөв чиглэлд оруулах, хувийн хэвшил үр ашигтай, өрсөлдөөнтэй ажиллах зах зээлийн орчныг бий болгох бодлогодоо төдийлөн анхаардаггүй. Тэгэхээр сангийн бодлого болон бүтцийн өөрчлөлтийн бодлого гэсэн хоёр бодлогыг бид зөв авч явбал, эдийн засгийн бүтэц сайжирна. Түүнийг дагаад эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрнэ. эдийн засгийг төрөлжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх асуудал байнга л яригддаг.

Төв банк ч бас бодлогын томоохон институцийн хувьд энэ талаар дуугардаг. Мөнгөний бодлогын шийдвэртээ энэ асуудлыг хэрхэн хөндөж оруулж байна вэ?

Нийлүүлэлт талын асуудлууд сайжирснаар мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн илүү сайжирна. Зах зээл нь сайн болчихвол мөнгөний бодлогын шилжих суваг илүү хурдтай, үр ашигтай ажилласнаар үр дүн нь сайжрах боломжтой. Энэ хүрээнд Төв банкны зүгээс бодлогын судалгааг хийгээд, Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг. Төв банкны мөнгөний бодлогын судалгаанаас гадна эдийн засгийн суурь судалгааг хийж, холбогдох байгууллагуудад зөвлөмж өгөх зорилготой эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг тусад нь байгуулсан. Суурь судалгаанд үндэслэсэн оновчтой эдийн засгийн бодлого хэрэгжүүлснээр мөнгөний бодлогын шийдвэрийн үр дүнтэй байдал нэмэгдэх юм.

Төгсгөлд нь асуухад Монголбанк макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байгаа. үүний нэг үр нөлөө нь макро эдийн засаг, санхүүгийн системийг зөв гольдролд нь оруулахад чухал уу?

Макро зохистой бодлого гэж санхүүгийн нийт системийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг хэлдэг. гол онцлог нь нэгдүгээрт, шууд нөлөөтэй. Хоёрдугаарт, зохистой түвшин рүү хүргэх буюу эрсдэл хуримтлагдахаас сэргийлдэг тул мөчлөг угтаж авч хэрэгжүүлдэг хэрэгсэл. “макро” гэж байгаа учраас системийн хэмжээг хамарч байна. Жишээ нь өрхийн сектор дээр зохицуулалт хийж байна. “Зохистой” гэж байгаа учраас тухайн үзүүлэлт өөрөө ямар түвшинд байвал зохистой вэ гэдгийг эдийн засгийн загвар дээр үндэслээд тодорхойлж байгаа. Хүн өрхийн орлогынхоо 80-90 хувийг хэрэглээндээ зарцуулбал, үлдсэн орлого нь боловсрол, эрүүл мэнд, хуримтлалд хүрэхгүй. гэтэл үүнийг иргэд өдөр тутмын амьдралдаа тэр бүр анзаарч, мэддэггүй. Тийм учраас өрхийн секторын хувьд нийт орлогынхоо 70 гаруй хувийг өрөө төлөхөд зарцуулж болохгүй. Харин 50 хувийг нь зарцуулаад, үлдсэн хувиа бусад хэрэгцээндээ зарцуулах нь эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн хөгжилд эерэг нөлөөлнө гэдгийг судалгаагаар тогтоосон. Уг судалгааны дагуу өрхийн өрийн дарамтыг зохистой түвшин рүү хүргэх зорилгоор бодлогын шийдвэр гарсан. Шийдвэрийн үр дүн ч гарч байгаа. Өмнө нь өрхүүд 80-90 хувийг өрөндөө төлдөг байсан бол одоо 50-60 хувь болж буурч зохистой түвшин рүүгээ ойртож байна гэсэн үг. Тэгж байж, санхүүгийн тогтвортой байдал буюу тэнцвэр хангагдана. макро зохистой бодлого нь бусад улс орны хувьд ч бас байдаг л жишиг.

Ярилцсанд баярлалаа.  

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа