Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулж, хэлэлцлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 онд 32 байршлын 57.66 га газар, 2020 онд 38 байршлын 130 га газар буюу нийт 70 байршын 187.66 га газрыг  нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийж, 20 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Үүнд, Баянгол дүүрэгт хоёр байршил бүхий нийт 0.45 га, Баянзүрх дүүрэгт гурван байршил бүхий 0.48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га, Хан-Уул дүүрэгт найман байршил бүхий нийт 2.15 га, Чингэлтэйд гурван байршил бүхий 0.36 га, Багануур дүүрэгт гурван байршил бүхий 6.48 га газар байгаа юм.

Зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн удирдлагын баг. Туул голын дагуух тохижилтыг стандартын дагуу олон улсын түвшинд хүргэж, хоёр талаар нь тохижуулах хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа. Энэ нь маш зөв. Хариуцаж байгаа дарга нарт хэлэхэд, би байгаа цагтаа Улаанбаатар хотод авлигын асуудлыг гаргуулахгүй. Тиймээс хууль, дүрмийн хүрээнд асуудлаа оруулж, хурдтай ажиллаж, төрийн албаны хүлээсэн үүргээ хуульд заасны дагуу үнэнчээр гүйцэтгэ. Ялангуяа газар, барилга төлөвлөлт, А зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байна. Хотоо өнгө зүстэй байхад анхаарч, газрын маргаантай асуудал дээр шийдвэрийг нь зөв гаргаад өгчихдөг, иргэддээ зөвлөн тусалдаг, барилгын компаниуддаа арга зүйн талаас нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг, асуудлыг удаадаггүй байхад анхаарч ажиллах ёстой” хэмээсэн юм. 

Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг дэмжсэн тул зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа