20 жил ярьсан агаарын бохирдлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар бодит ажил болгож, 50 хувиар буурсан
Агаарын бохирдлыг манай улс 20 жил ярьсан. Өнгөрсөн хугацаанд 700-800 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүнд хүрээгүй. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар агаарын бохирдолтой тэмцээд 2020 онд сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж галлагааны горимд өөрчлөлт оруулснаар эхний байдлаар агаарын бохирдлуудын тодорхой үзүүлэлтүүдийг 50 хувь хүртэл бууруулж чадсан билээ.
Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Тавантолгой түлш” үйлдвэр ашиглалтад орж, нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн. Айлуудад утаа мэдрэгч байршуулав.
Улаанбаатар хотын дэд бүтцэд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан.
Нийтийн тээврийн автобусуудад агаар шүүгч байршуулсан бөгөөд утаа гаргадаггүй цахилгаан автобусыг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн гэх мэт шат дараатай ажлууд хийгдсэн байдаг.
Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “2018 оны 11-р сард би ирж энэ үйлдвэрийг нээсэн. Өнгөрсөн хугацаанд үйлдвэр маань Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад асар их үүрэг гүйцэтгэж, утааг 50 хувиар бууруулсан. Энэ чухал ажлыг хийсэн нь ”Тавантолгой” түлшийн хамт олон Та бүхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байлаа гэдгийг хэлмээр байна. Та бүхэн эгэл баатрууд шүү. Үр хүүхдүүийнхээ ирээдүй, улс үндэстнийхээ сайн сайхны төлөө өдөр шөнөнгүй нойр хоолгүй зүтгэж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” гэж хэлж байв.
М.Ганбаатар даргатай “Тавантолгой түлш” компани, Зүүн бүсийн үйлдвэр, Баруун бүсийн үйлдвэрийн хамт олон агаарын бохирдлыг бууруулах ажлыг гардан хийж байгаа баатрууд билээ.
“Тавантолгой түлш” ХХК–ийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 13 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бол нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад таван сарын өмнө орсон. Зүүн бүс дэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 80 хувь буурна.
Манай улс цар тахал гарч, хорио цээр тогтоосон хүнд цаг үед үйлдвэрийг ашиглалтад оруулж, Монгол Улс нийслэлийнхээ баруун, зүүн бүсэд хоёр үйлдвэртэй болж чадсан. Засгийн газар өнгөрсөн өвөл сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан.
Ингэж агаарын бохирдол буурснаар олон хүний амь нас аврагдаж, эрүүл мэнд хамгаалагдах нь гарцаагүй юм.
Сүүлийн арван жилд 750 тэрбум төгрөгийг агаарын бохирдол бууруулахад үр дүнгүй зарцуулж ирсэн бол сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөг зарцуулж, агаарын бохирдол буурсан нь бодит үр дүн.
Ирэх өвөл агаарын бохирдол улам буурч, хорт агаараас болж эрүүл мэнд, амь насаараа хохирч ирсэн Нийслэлчүүдийн магнай тэнийх цаг айсуй.
Б.САРНАЙ
Сэтгэгдэл