Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах тухай мэдэгдээд буй АН-ын мэдээлэл нь хэрэгжих боломжгүй ч ардчиллын үнэт зүйлээс ухарсан алхам хийв. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэлсэн цагаас хойш АН-ыхан одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2 жилээр сунгах эсвэл хоёр нэр дэвшигч гаргаж ирж өрсөлдүүлэхийг шаардах гэх мэтээр хуулиас давсан шаардлагыг удаа дараа тавих болсон. АН ардчилсан үзэлтэй, ардчиллыг хөгжүүлнэ гэж ярих авч бодит байдал, үйлдэл нь ардчилалаасаа ухарсан, төрийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогуудыг байсгээд гаргах болов. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг албан тушаалд нь хэвээр үлдээхийн тулд хууль зөрчих нь энүүхэнд болсон. УИХ дахь АН-ын гишүүд нь Ерөнхийлөгчийн дохио зангаагаар жагсаж, МАХН-ын С.Ганбаатарын төлөө хүртэл өлсгөлөн зарлаж улстөржсөн.
Аливаа сонгууль нь ардчилсан тогтолцооны амин сүнсийн нэг. Нийт ард иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрхээ эдлэх, Үндсэн хууль, парламентат ёс, ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг хуульд заасан хугацаанд шилжүүлж байх ардчиллын үндсэн суурь зарчим юм. Үүнд шууд халдахыг санаархаж буй нь АН ардчилсан үзэл баримтлалаасаа ухарсан хэрэг. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хар машиныг хакердсан гэж үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хийсэн нэгэн залуугийн яриагаар шууд хойшлуулах санал гаргаж байгаа нь Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдсан, үндсэн эрхийг гажуудуулах оролдлого.
АН-ынхны улстөржиж буй энэ сэдэв хэдийгээр сонгуулийг хойшлуулах нөхцөл болохгүй ч цаад утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэх мессэжийг олон нийтэд өгөх далд зорилго тээж, сонгуулийн үр дүнг будлиантуулах арга саам хайж байгаагийн нэгэн илэрхийлэл юм. Монгол Улс төртэй, хуультай улс. Хуулиас давсан АН-ын улстөржилтөд хэм хэмжээ гэж бийг санах хэрэгтэй.
Э.НАРАНХҮҮ
Сэтгэгдэл