Засвар механикийн заводынхан өвлийн бэлтгэл ажлаа 100 хувь гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж, Ерөнхий захиргааны анхан шатны удирдах ажилтнууд “Өглөөний ХАБ” таниулга сурталчилгааг чанартай, идэвхтэй зохион байгуулсныг ХАБЭА-н хэлтэс мэдээлэв.
Үйлдвэрлэлийн хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, шинэ долоо хоногийн төлөвлөгөөг мэдээлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн цехүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай газар дээр нь танилцсан талаар онцлов. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ долоо хоногт нийгмийн цехүүдийн өвөлд хэрхэн бэлтгэж буйг үзэж, шалгах аж. Баяжуулах үйлдвэрийн хувьд, төлөвлөгөөт засваруудаа шуурхайлсан байна. Энэ долоо хоногт ч засварын ажлууд үргэлжилж, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусахаар төлөвлөж буйг цехийн удирдлага мэдээллээ. Харин Засвар механикийн заводын хамт олон өвлийн бэлтгэл хангах хүрээнд төлөвлөсөн бүх ажлаа 100 хувиар гүйцэтгээд байгаа аж. Дулааны цахилгаан станц 26 мянган тонн буюу 21 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа бол Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжийн шугамын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу урагшилж байна.
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр, 2021 оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнгээ дүгнэсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хурлаас гарсан шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу цех нэгжүүд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж ажиллах чиглэл өгөв. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хүдэр боловсруулалтыг өмнөх жилийн түвшинд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгааг мэдээллээ.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл