Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Өнгөрөгч 2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна гэсэн тоон мэдээ гарчээ. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь фэйсбүүк ашигладаг бөгөөд түүнийгээ дагаад цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн ёс бус үйлдлүүд ихэссэнээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймдээ ч Монголын сайтын холбоо энэхүү чуулганаар дээрх сэдвийг голчлон хөндөх аж.

Тодруулбал, энэ өдөр цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёсзүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөллүүд илтгэл тавих юм байна.

Цахим сэтгүүл зүйн IV чуулганаар Монголын Сайтын холбооны зүгээс “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээн дор “Өнөөдрөөс өөрсдөө эхэлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг мөн эхлүүлж, дэмжин ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, улмаар нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх нэг жилийн аяныг өрнүүлэхээр болоод байгааг МСХ-ны тэргүүн Э.Батхүү онцоллоо.
Чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажиллах бол, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа аж.

Харин дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллах юм. Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач нар гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцохоос гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл оролцож, үзэл бодлоо хуваалцах юм. Эрхэм та бүхнийг цахим салбарын чуулгандаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа