Засвар механикийн заводын өргөтгөлийн ТЭЗҮ-ийг боловсрууллаа
Монгол Улсын Засгийн газрын бодлого, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Засвар механикийн заводод өргөтгөл хийх ТЭЗҮ-ийг боловсрууллаа. Засвар механикийн заводыг Машин үйлдвэрлэлийн суурь төв болгох зорилготой өргөтгөлийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчээр Ди Ди Эй Жи ХХК ажиллажээ. Тус компанийн төлөөлөл, заводын өргөтгөлийн ТЭЗҮ-ээ ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өглөө. ТЭЗҮ-д тусгаснаар 10 жилд 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Уг хөрөнгө оруулалтыг долоон жилийн хугацаанд нөхөх ажээ.Энэхүү ТЭЗҮ-ийг боловсруулахад есөн доктор, 18 магистр, есөн мэргэшсэн инженер, зөвлөх зэрэгтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.
-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх: Манай үйлдвэрийн ЗМЗ-ыг өргөтгөн шинэчлэх, Машин үйлдвэрлэлийн үндсэн суурийг тавих ажил эхэлж байна. Энэ ажлыг гүйцэтгэх тендерт “Ди Ди Эй Жи” ХХК шалгарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан. ТЭЗҮ-ээ энэ оны 9-р сарын 13 өдөр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, дүгнэлт гаргуулан хүлээлгэн өгч байна. Ингэснээр олон жил яригдсан бидний мөрөөдөл том алхмаар урагшиллаа. Тухайлбал, Монгол улсад Машин үйлдвэрлэлийн суурь тавигдаж байна. Уг ТЭЗҮ-д тулгуурлаад ЗМЗ-ын өргөтгөлийн ажил шууд явагдаж эхэлнэ. 2023-2024 онд Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бизнес төлөвлөгөөндөө энэ ажлыг тусган хэрэгжүүлээд явж байна. Монгол улсын хэмжээнд Машин үйлдвэрлэлийн суурь тавигдаж байгаа нь хөгжлийн нэгэн том алхам юм. Эрдэнэт үйлдвэрийн бизнес төлөвлөгөө төдийгүй Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил биеллээ оллоо.
-Ди Ди Эй Жи ХХК-ийн захирал Д.Ганзаяа: Ажиллаж буй үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулна гэдэг нэлээн түвэгтэй ажил байдаг. Эрдэнэтийн Засвар механикийн завод үндэсний хэмжээний том үйлдвэр. Энэ утгаараа нэлээн өргөн хүрээтэй ажил хийж гүйцэтгэлээ. ТЭЗҮ-ийн төлөвлөлтийг боловсруулахад 57 хүн ажиллалаа. ЗМЗ-дад өргөтгөл хийснээр хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Одоогийн байдлаар Цутгуурын цех 5200 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. ТЭЗҮ хийснээр 14 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Механик цех 3300 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол 5900 тн болж нэмэгдэнэ. Мөн орчин үеийн шинэ дэвшилтэд технологи бүхий импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэнээрээ онцлогтой. Тухайлбал, хром молибдент ган бүтээгдэхүүнийг өнөөдөр Монголд анх удаа Засвар механикийн заводод үйлдвэрлэж эхлэх юм” хэмээн онцлов.
Сэтгэгдэл