“Батмөнх Даян хаан” түүхэн роман хэвлэгдэн гарлаа. Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, зохиолч  Данзанноровын Хүүгийн  “Батмөнх Даян хаан” түүхэн, танин мэдэхүйн гурамсан романы нээлт өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Пума Империал зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно.

Батмөнх даян хааны тухай тусгайлсан зохиол урьд өмнө нь гарч байгаагүйгээрээ онцлог бөгөөд тус зохиолд Даян хааны улс төрийн үйл ажиллагаа мөн хүүхэд наснаас хаан ширээнд суух хүртэл ахуй амьдралын талаар тод томруун өгүүлжээ. Тус роман нь гурван боть гарахаар бичигдсэн бөгөөд ийнхүү эхнийх нь уншигчдад хүрч байна.

Хэвлэгдэн гарсан эхний ботид Батмөнх даян хааны төрсөн цагаас  17 нас хүртэл хэрхэн амьдарч, хаан ширээнд суусан тухай сонирхолтойгоор түүхэн баримтад тулгуурлан бичжээ. Мөн энэхүү түүхэн романд суурилан  олон улсын  Монголч эрдэмтэн доктор, судлаачдаас бүрдсэн баг хамт олон, "Хаан арга" кино продакшны уран бүтээлчид хамтран их хааны мэндэлсний ойд зориулан түүхэн уран сайхны кино бүтээхээр зохиолын ажлыг эхлүүлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Ингэснээр тус кино нь Монголчууд бидний бас нэгэн хүчирхэг хаанаараа бахархах, түүний үйл хэргийг санан дурсах завшааныг бүрдүүлж өгч байгаа юм.  Батмөнх Даян хааны түүхэн гавьяаг товчхон агуулгаар илэрхийлбэл, Их эзэн Чингис хааны хураасан улс ,Тогоонтөмөр хааны үеэс эхлэн “Цээлийн ус ширгэв, цэгээн чулуу хагарав” гэдгийн адилаар дор бүрнээ толгой мэдэн, тарч бутарсан феодалуудын эрхийг хазаарлаж, сарнисан улсаа ахин нэгтгэж, төрт улсаа хүчирхэг болгон мандуулсан явдал юм.  

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа