Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, Гурван суурьт хөтөлбөрийг танилцуулав. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болсон 540 гаруй төрийн алба хаагч оролцсон юм.
Уулзалтын эхэнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүрэгт хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцууллаа. Сүхбаатар дүүрэг нь 20.8 мянган га газар нутаг, 20 хороо, 38,639 өрх, 145,258 хүн амтай. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 44 хувийг эрүүл мэндийн салбарт, түүний дараагаар 25 хувийг амьдрах орчныг сайжруулах бүтээн байгуулалтад зарцуулж байна. Үүнээс онцолбол, гэр хорооллын шороон замыг засварлан авто зам тавьж, гурван га бүхий спорт цогцолбор байгуулж, дүүргийн Нэгдсэн эмнэлгийг барьж буй юм.
Хотын дарга ажлаа авснаасаа хойш шалтгаанд суурилсан шийдлүүдийг гаргахын тулд эрүүл засаглалыг хөгжүүлж, эдийн засгийг чадавхжуулж, эрх зүйн орчныг шинэчлэх зарчим бүхий Гурван суурьт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан юм.
Ингэснээр хотын эрх зүйн чадамж сайжирч, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоо бүхий Бодлогын судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллах болсон. Үүний үр дүнд нийслэлийн удирдлагын багийн шийдвэр судалгаа, шинжилгээ, өгөгдөлд үндэслэн, шалтгаанд чиглэн гарч байна. Нийслэлийн “тархи” болсон уг төвөөс гарсан судалгааг Хотын дарга албан хаагчдад мөн танилцуулав. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийн суурь болсон шалтгаан, өгөгдлүүдэд үндэслэн гаргасан шийдэл, гарц гаргалгааг уулзалтад ирсэн албан хаагчид дэмжиж байв. Түүнчлэн Гурван суурьт хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын хөгжлийг урагшлуулахын тулд хийх бүтээн байгуулалт олон бий. Харин тэднийг хийхэд хэрэгцээтэй хөрөнгийн эх үүсвэрийг бий болгоход эрх зүйн чадамжийг сайжруулах шаардлагатай. Тиймээс эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ. Энэ хүрээнд 15 орчим хуулийг нэгтгэн, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна. Дахиад ч өөр хуулиуд нэмэгдэнэ” хэмээсэн юм. Мөн хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулахад нийслэл, дүүрэг төдийгүй, тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдын оролцоо чухал болохыг тэрбээр онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл