УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллав
Энэ үеэр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны зарим гишүүнтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би 2016 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт гурав дахь удаагаа ирж байна. Сүүлийн жилүүдэд нэг л зүйлийг харж байна. Үйлдвэрлэж буй баяжмалынхаа хэмжээг огцом нэмэгдүүлэх бололцоо байна уу гэж. Тодорхой ахиц гарч байгаад баяртай байна. Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч байгаа гээд тодорхой бэрхшээлүүд байгааг ойлгож байна. Гаргаж байгаа бүтээгдэхүүнээ бууруулахгүйн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага бий. Тэгэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлаа 50 сая тонн хүртэл нэмэгдүүлэх том зорилт тавих хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийг дагаад Эрдэнэт хотын асуудал яригдана. Нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх ямар бололцоо байгааг судлах зорилготой Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна.
Х.БУЛГАНТУЯА: Би Эрдэнэт үйлдвэрт анх удаа ирж байна. Өмнө нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, төрийн сангийнхантай уулзаад явж байсан. Монгол Улсын төсвийн гол бүрдүүлэгч Төрийн өмчит том үйлдвэрийн газар цаашдын 40 жилийн үйл ажиллагаагаа хэрхэн харж байгаад онцгой анхаарч байна. Монгол Улсын Их хурал анх удаа Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо байгууллаа. Өмнө нь Эдийн засгийн байнгын хороон дээр банк, санхүүгийн систем, үйлдвэржилт, томоохон төсөл хөтөлбөрүүд, барилга хот байгуулалт гээд бүх салбарын асуудал яригддаг байсан бол одоо Монголын эдийн засгийг бүрдүүлж байгаа томоохон үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна, үүнийг урагш нь явуулахын тулд төр засаг, УИХ-аас хууль, эрх зүйн орчинг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэгт тусгайлан анхаарах гэж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог гаргасан. Тиймээс бид намрын чуулган эхлэхээс өмнө Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн үйлдвэржилтийн бүс нутгаар явж, төрийн болон хувийн өмчит компаниудад ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд зэс хайлуулах үйлдвэр барих, дагалдах олон үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутаг болон ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд маш олон тулгамдсан асуудлуудтай байдаг. Нөгөө талаар хөрөнгө оруулалт төвлөрүүлэхийн тулд татварт төлөх орлогоосоо татгалзах болно. Энэ бүгдийн балансыг хэрхэн яаж хадгалах вэ гэдэг бол чухал. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр дагасан бүхэл бүтэн хот бий болсон. Тиймээс энэ бүс нутгийг зөвхөн Эрдэнэт үйлдвэрээр битгий хараасай гэж боддог. Уул уурхайн мэдлэг шингэсэн нутагт энэ чиглэлийн их, дээд сургуулиуд бий болгох, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс 2030 оноос мэдлэгт суурилсан эдийн засагтай болохоор хөгжлийн баримт бичгүүд дээр тусгасан. Энэ хүрээнд юу хийх ёстой, ямар хөрөнгө оруулалт шаардлагатай, ямар бодлогожилт хэрэгтэй вэ гэдгийг Эрдэнэт хот ч гэсэн баримтлах ёстой гэв.
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг Монгол Улсын эдийн засгийн бодлогод нийцүүлэн барих нь чухал. Оюутолгой болон бусад зэсийн ордын баяжмалыг хайлуулах, боловсруулахыг бодож байршлаа сонгох хэрэгтэй гэв. Эцэст нь УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
М.ОДГЭРЭЛ
Ш.ЛХАМСҮРЭН
Сэтгэгдэл