Б.Лхагвасүрэн: 2022 он банкны салбарт томоохон шинэчлэлийн жил болно
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй банкны салбарын шинэчлэл, 2022 оны эдийн засгийн талаар ярилцлаа.
-Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын уулзалтын үеэр Та санхүүгийн салбарт хийгдэж байгаа шинэчлэл, цаашдын төлөвийн талаар танилцуулсан. 2022 онд банкны салбарын ерөнхий дүр зураг ямар байна вэ?
Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан уулзалтад Төв банкны бодлого, банкны салбарт хийгдэж байгаа шинэчлэл, 2022 оны Монгол Улсын эдийн засгийн орчин, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 2021 оны банкны салбарын голлох үзүүлэлтүүдийг авч үзвэл актив хөрөнгө 40 их наяд төгрөгт хүрч, зээлийн өсөлт 20 хувь давж, төгрөгийн зээлийн хүү түүхэн доод түвшин 14.5 хувь, хөнгөлттэй хөтөлбөрийн зээлийг оруулж тооцвол 13.8 хувь болж буураад байна. Хэдийгээр ковид цар тахлын хүнд үеийг даван туулж байгаа ч санхүүгийн зуучлал ийнхүү хэвийн үргэлжилж, зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөл харьцангуй таатай болж ирж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд чухал дэмжлэг болж, эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэхэд нэг гол тулгуур, хөшүүрэг болох юм.
2022 он банкны салбарт томоохон шинэчлэлийн жил байх болно. Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран амжилттай хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг цааш үргэжлүүлэх үүднээс Монголбанк 2020 оны эхээр Банкны системийн шинэтгэлийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь таван гол хэсэгтэй бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкыг олон нийтийн хяналттай болгох зорилт юм.
Энэ хүрээнд банкыг хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн компани буюу хувьцаат компани болгох, нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувь байхaaр тогтоож, олон хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчтай болгох өөрчлөлтүүд Банкны тухай хуульд орж, 2021 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлээд байна. Мөн 2022 оны эхний хагас жилд багтаан системийн нөлөө бүхий 5 том банк хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа арилжаалах ёстой бөгөөд энэ нь санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиож буй нэг томоохон шинэчлэл, өөрчлөлт болоод зогсохгүй хөгжлийн шинэ шатанд гарах арга хэмжээ болно.
-2022 онд дотоодын хамгийн том 5 банк IPO хийхээр хүлээгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Системийн гол банкууд олон нийтийн өмчлөлд шилжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
Банкууд хөрөнгийн бирж дээр IPO хийх нь зөвхөн дотоодын гэлтгүй гадны хөрөнгө оруулагчдад ч банкыг нээлттэй болгож байгаа. Гаднаас хөрөнгө татах нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх Монгол Улсын нэр хүндийг өсгөх, дотоодын бизнесийн стандартыг сайжруулах, дэлхийн сайн жишгийг нутагшуулах зэрэг олон ач холбогдолтой. Иймд санхүүгийн салбарт бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдын хувьд гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй байх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Мэдээж манай банкуудад Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргэн босголт, хөгжлийн банк зэрэг гадны томоохон санхүүгийн байгууллагууд хувь эзэмшилтэй байдаг нь бусад хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болсоор ирсэн болов уу.
Үүний зэрэгцээ банк олон нийтэд хувьцаагаа арилжаалснаар нэг эзний бус, олон нийтийн хараа хяналтад орно. Энэ нь банкны засаглалыг сайжруулахаас гадна тухайн банкны үнэ цэнэ бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцааны үнээр тогтдог болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банк өөрөө өөрийгөө “сайн банк, том банк” гэж үнэлэх бус, энэ үнэлгээг олон улсын жишгээр зах зээл, зах зээл дээрх хувьцааны ханшийн хөдөлгөөн нь тодорхойлно.
-Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийн хэмжээ хязгаар, мөн IPO-д хэр хэмжээний хөрөнгө оруулалт орох, хэр амжилттай байх боломжийн талаар ямар тооцоо судалгаа байна вэ. ОУВС-аас IPO-г хойшуулах санал гаргасан гэж байсан?
Олон улсын туршлага жишээ олон байдаг. Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн 2008 оны хямралын дараа ялангуяа манайх шиг хөгжиж байгаа олон улс оронд банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж хязгаар тогтоох, нээлттэй хувьцаат компани болгох процесс эрчимжсэн. Банкны хувь эзэмшил дээр улс орнуудад тогтоосон дээд хязгаарын хэмжээ лимит, хэрэгжүүлсэн хугацаа, үр дүн гэх мэтийг бид нарийвчлан судалсан. Анх хуулийн саналыг боловсруулах явцад олон улсын туршлага жишгийг харгалзаж байсан хэдий ч хууль батлагдах явцдаа хэрэгжүүлэх хугацааг богиносгох, хэмжээг хатууруулах, нэмэлт шаардлага нөхцөл тавигдах зэргээр өөрчлөлтүүд орсон. Энэ нь бидний хувьд илүү шахуу, хурдтай ажиллан хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй байлгах үүднээс нэлээд ачаалалтай ажиллах шаардлагыг бий болгож байгаа. Системийн 5 том банкны хувьд нийтэд хувьцаагаа зэрэг шахуу санал болгож, нийт хувьцааныхаа 5–15 хувийг олон нийтэд гаргана.
Зохицуулагч байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн бизнес төлөвлөгөөний төсөөллөөр 500–700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэх тооцоо хийгдсэн байгаа. Нэгэнт хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй санал болгох учир дотоодын, гадаадын хөрөнгө оруулагчид болоод банкны ажиллагсад гээд бүгдэд ижил нээлттэй байх зарчим үйлчилнэ. Зарим банкны ажиллагсад тухайлбал, Хаан банкны ажиллагсад банкиндаа зохион байгуулалттайгаар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болохоор гэрээ хэлцлүүд хийгээд явж байна. Мөн хуулийн зохицуулалтаар заавал нээлттэй байх шаардлагагүй ч жижиг банкууд өөрийн саналаараа нээлттэй болох боломжтой. Энэ хүрээнд саяхан Богд банк нийт хувьцааны 30 хүртэлх хувийг олон нийтэд санал болгож 30 тэрбум төгрөгийн хувьцааг амжилттай арилжаалсан байгаа. Хуулийн хүрээнд зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Төв банк төвлөрөн ажиллаж байна.
-Уулзалтын үеэр нэлээд анхаарал татаж яригдсан сэдэв бол гадаадын хөрөнгө оруулагчид нэг биш хэд хэдэн банканд зэрэг хувь эзэмших, хөрөнгө оруулах асуудал байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Банкны тухай хуульд сүүлийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө орсон байсан, одоо ч байнга яригдаж байдаг нэг сэдэв бол нэг банкны нөлөө бүхий хувь эзэмшигч өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон заалт юм. Олон улсын санхүүгийн байгууллагууд эрсдэлийн төвлөрлөө бууруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхдээ зөвхөн нэг банк биш хэд хэдэн банкаар дамжуулан хэрэгжүүлэх, олон улсын сайн туршлага, сайн жишгийг нэвтрүүлэхдээ олон банкыг хамруулах зорилгоор энэ асуудлыг байнга хөндөж ирсэн. Төв банкны хувьд энэ санаачилгыг дэмжмээр байвч нэгэнт хуулинд орсон энэхүү заалтыг ялгавартай мөрдүүлэх боломжгүй учир бүгдэд тэгш үйлчлэх зарчмаар асуудалд хандаж ирсэн. Энэ хүрээнд маш хатуу шаардлага тавьж хангуулж байсны үр дүнд нэг эзэнтэй гэж яригдаж байсан хэд хэдэн банк хоорондоо нэгдэж нийлсэн байгаа.
Худалдаа, хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкууд, Транс болон Кредит банкууд хоорондоо нэгдэн томорч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Мөн Олон улсын санхүүгийн корпораци хоёр банканд зэрэг хувь эзэмшилтэй байснаа болиод нэг банкнаас нь гарсан байгаа. Нэмэлт өөрчлөлт орсон шинэ хуулийн заалтаар банкны нөлөө бүхий хувь эзэмшлийн хязгаарыг 5 хувиар тогтоосон. Өмнө нь компанийн тухай хуулиар зохицуулагдаж байсан бөгөөд 10 хувь гэж тогтоож байв. Шинэ хуулийн заалтын дагуу нэг банкны нөлөө бүхий хувь эзэмшигч буюу 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч нөгөө банкинд 5 хувиас дээш хувьцаа эзэмшихийг хориглосон хатуу зохицуулалттай болсон. Хэрэв худал мэдээлэл өгөх, нуух байдлаар эзэмшсэн тохиолдолд авах хатуу арга хэмжээ, албадлагын шинжтэй заалтууд мөн Банкны тухай хуульд орсон байгаа.
-Банкуудын хувьцаа эзэмшил сэдэв дунд асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Хаан банк ажилтнууддаа хувьцааныхаа тодорхой хувийг эзэмшүүлнэ гэж Та хэлсэн. Мөн мэдээллийн хэрэгслээр Савада холдингс компани Хаан банкны өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарсан, хэн авав гэсэн мэдээлэл гарч, харин Монголбанк эцсийн зөвшөөрлийг олгоогүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?
Энэ асуудалд Төв банк олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгч, байр сууриа тодорхой илэрхийлэх мэдээлэл материал хангалттай бий боловч Банкны тухай хуулинд хяналт шалгалтын зорилгоор цуглуулсан мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах болон мэдээллийн нууцлалтай холбоотой зохицуулалтаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй байгаа. Гэхдээ нийтэд нээлттэй байдаг мэдээллийн хүрээнд байр сууриа илэрхийлж болно. Хаан банкны хувьцаа эзэмшилд өөрчлөлт ороогүй, өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар тус банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд Савада холдингс компани, 14.5 хувийг Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед, үлдсэн 40 хувийг Таван богд трейд ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байна.
Хамгийн том хөрөнгө оруулагч Япон улсын иргэн Х.Савада нь Токио болон Сингапурын хөрөнгө биржид бүртгэлтэй 2 компаниараа дамжуулан нийтдээ Хаан банкны 60 хувийг эзэмшдэг. Савада холдингсийн хувьд Монголоос гадна хэд хэдэн оронд банк болон банк бус санхүүгийн байгууллага эзэмшдэг нээлттэй компани. Нэгэнт дээрх хоёр компани олон нийтэд нээлттэй хувьцаат компаниуд учир харъяа улс орныхоо зохицуулалтын хүрээнд хянагдаж шалгагдаад, хөрөнгө оруулагчид нь хуулийнхаа хүрээнд орж гараад солигдоод ирсэн байдаг. Японы санхүүгийн зохицуулах байгууллагын хяналтын дор үйл ажиллагаа явуулж, Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн, нээлттэй, ил тод тайлагнах зохицуулалттай тул арилжаа, хэлцэл, бүртгэл гээд бүхий л мэдээллийг нээлттэй харах боломжтой. Эдгээр компаниудыг хэн нэгэн монгол хүн, компани, эсвэл аль нэг Монголын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч худалдаж авч, эзэмшил нь солигдсон гэх мэдээлэл, бүртгэл байхгүйг шалгаад үзэх бүрэн боломжтой.
Мөн Хаан банкны хувьчлал 2003 онд хийгдэхэд Япон улсын иргэн Х.Савада өөрийн хувьцаат компанидаа 46 хувь буюу дийлэнх хувийг эзэмшиж байснаас хойш жил бүр эзэмшлийн хувь хэмжээ болон бусад хөрөнгө оруулагчид нь хэрхэн өөрчлөгдөж ирсэн мэдээллийг ч гэсэн харах боломжтой. Хөрөнгө оруулагчдын орох, гарах, хөрөнгийн эх үүсвэр, татварын тооцоо, тайлагнал нь Япон улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг талаарх баримт мэдээллийг Монголбанк өөрийн хэмжээнд цуглуулсан. Төв банк мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тэр баримт нотолгоогоо Улсын Их Хурлаас гарсан ажлын хэсэгтэй нээлттэй хуваалцаад явж байгаа.
Ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх тухайд бол банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу IPO хийх банкууд хувьцаа эзэмшлийн төвлөрлөө 20 хувь руу буулгаж, хуулийн шаардлагыг биелүүлэх нэг арга зам гэж ойлгож болно. Банкуудын хуулийн шаардлагыг биелүүлэхээр боловсруулсан төлөвлөгөөн дотор ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх хувилбар байж болох бөгөөд энэ нь олон улсад ч, Монголын компаниудад ч байдаг тогтсон жишиг юм. Монголбанк банкуудаас ирүүлсэн төлөвлөгөөг судлаад, хуулийн шаардлага хангасан, хувьцаа худалдан авах эх үүсвэр нь нотлогдсон нөхцөлд татгалзах зүйлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээд явна.
-Таны тайлбарласнаар Савада холдингс компанийн дотоод хувь эзэмшилд байнга өөрчлөлт ордог, нэг япон хүн нөгөө япон хүн эсвэл компаниар солигдож байгаа гэж ойлгогдохоор байна. Гэтэл мэдээллийн хэрэгслүүдээр “Монголд хөрөнгө оруулдаг ямар тэнэг япон байдгийг мэдэхгүй”, “урьд нь Ерөнхийлөгч байсан хүн, эсвэл том банкны эзэн, монгол хүмүүс холбоотой”, “мөнгөний эх үүсвэр нь тодорхой бус тул Монгол Улсыг эргээд саарал жагсаалт руу оруулах эрсдэлтэй” гэх зэрэг асуудлууд яригдаад байдаг?
Дахин хэлэхэд Монголбанк Монгол Улсад үйлчилж буй хуулийн дагуу үйл ажиллагаa эрхэлдэг зохицуулагч байгууллага бөгөөд нотлох баримт, мэдээлэл дээр суурилан дүгнэлт хийж шийдвэр гаргадаг. Сургаар эсвэл таамгаар ажиллаж болохгүй, магадaлж нягтлах, тодотгох асуудлууд байнга гардаг хэдий ч хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд ажилладаг. Харин хуулиас давах, өөрт олгогдоогүй үйл ажиллагаа эрхлэх, харилцаанд орох боломжгүй.
Токиогийн хөрөнгийн биржид 1958 оноос хойш бүртгэлтэй нээлттэй компани болох Савада холдингсийн дор Орос, Киргиз, Монгол, Японд үйл ажиллагаа явуулдаг олон банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд бий, тэдний нэг нь Хаан банк юм. Тус компанид хөрөнгө оруулагчдын талаарх олон нийтэд нээлттэй байгаа мэдээллээс харахад бидэнд танил болсон Сейко цагны компани, Сони электрониксийн хөрөнгө оруулагч нарын нэр бий. Бидэнд бүрдүүлж өгсөн материалд тэдгээр хүмүүсийн хувийн нууцын шинжтэй олон мэдээлэл материал нийлээд бараг 4000 гаруй хуудас болсон. Бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний эх үүсвэр нь эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн. Тийм болохоор тухайн компанитай холбоотой бүхий л хэлцлүүд Япон улсын хуулийн дагуу хийгдэж мэдээлэл нь олон нийтэд нээлттэй ил тод зүйл. Давхар хяналттай гэсэн үг.
Өнөөдрийн бидний зорьж хийгээд байгаа банкны салбарыг шинэчлэл, банкыг олон нийтийн компани болгох өөрчлөлт нь банкыг олон нийтийн хяналттай болгох, нээлттэй ил тод болгох, давхар хяналт зохицуулалттай болгох зорилготой. Цаг хугацаа үнэний шалгуур гэдэг. Дээрх олон таамаг, хардалт нь үндэслэлгүй хоосон зүйл байсныг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна.
-Макро эдийн засгийн талаар ярилцъя. 2022 оны эдийн засгийн төлөв ямар байх вэ?
Монголбанкны тооцооллоор эдийн засгийн өсөлт 2021 онд 4 хувь орчим, 2022 онд 5.5 хувь хүрч сэргэлт үргэлжлэх төсөөлөлтэй байгаа. 2020 онд цар тахлаас үүдэлтэй томоохон шок үүсч дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 4.6 хувь агшсан байсантай харьцуулахад эдийн засаг маань 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш хамгийн гүнзгий агшсан тэрхүү уналтаасаа аажмаар гарч байна гэсэн үг. Үүнд эдийн засгийг тогтворжуулж, сэргээх зорилгоор хэрэгжүүлсэн бодлого чухал нөлөөтэй байсан. Тухайлбал, төгрөгийн ханшийг тогтвортой, зээлийн хүүг бага байлгахад чиглэн хэрэгжүүлсэн бодлогын багц арга хэмжээ, түүнчлэн бизнес эрхлэгчдийг дэмжсэн санхүүжилтийн шинэ хэрэгслүүд, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах зээлийн бүтцийн өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан арга хэмжээг нэрлэж болно. Түүнчлэн, цар тахлын хямралын үед Төв банк, Засгийн газартай бодлогоо уялдуулсны үр дүн нь макро эдийн засагт ажиглагдаж байгаа нааштай тоонуудаар илэрхийлэгдэж байна. Анх өнгөрсөн оны эхэнд хөтөлбөр хэрэгжүүлэхэд “яаж ажлын байрыг хадгалах вэ?” гэдэг зорилготой байсан бол одоо “ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ, хөрөнгө оруулалт руу хэрхэн чиглүүлэх вэ?” гэдэг зорилт тавигдаж байна. Хэдийгээр гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ нааштай байсан боловч хилийн хязгаарлалтаас болж эдийн засагт маань орлогын гол суваг болсон уул уурхайн салбар энэ боломжийг бүрэн ашиглаж чадсангүй. Иймд сэргэлт эмзэг, салбаруудын өсөлт жигд бус хэвээр, цаашид бодлогын дэмжлэг чухал хэвээр байна.
-Инфляцын цаашдын төсөөлөл ямар байна вэ? Үнийн өсөлт 2 оронтой тоогоор хэмжигдэж байгаа нөхцөлд мөнгөний бодлого юунд чиглэх вэ гэдэг нь анхаарлын төвд байна?
Эдийн засаг сэргэж байгаа ч эмзэг байгаа үед бодлогын хүүг нам дор түвшинд байлган мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах сонголттой зэрэгцэн инфляцын өсөлт нь бидэнд сорилт болоод байна. Мөнгөний бодлого мэдээж инфляцын дунд хугацааны зорилтоо хадгалан, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн хэвээр байх хэдий ч сэргэлтийг даган бий болох эрэлтийн шинжтэй инфляцыг сөрсөн мөнгөний бодлогын тохирсон арга хэрэгслийг хэзээ ч ашиглах шийдэл бидэнд бэлэн бий.
Цар тахлын үед дэлхий даяараа өндөр инфляцтай нүүр тулгарч байгааг анхаарах шаардлагатай. Энэ нь тодорхой хэмжээгээр импортын инфляц болж орж ирэхийн зэрэгцээ, хил дээр үүсээд байгаа хязгаарлалтууд ч үнийн өсөлтөд нөлөөлж байна. Дотоодод богино хугацаанд одоогийн үнийн өсөлтийг голлон тайлбарлаж буй шатахуун, махны нийлүүлэлт, хилээр нэвтрэх тээвэр ложистикийн асуудал гэх мэт шокуудаас шалтгаалан энэ оны 1-р улиралд инфляц харьцангуй өндөр хэвээр байх төсөөлөлтэй. Харин дунд хугацаанд нийлүүлэлтийн шокууд шийдвэрлэгдэж, эдийн засаг тогтворжиход инфляц эргээд Төв банкны зорилтот түвшин буюу 6 хувь нэмэх хасах 2 хувь интервалд тогтворжих хүлээлт хэвээр байна.
Ярилцсанд баярлалаа!
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл