Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Байнгын хорооноос тавьсан хүсэлтийн дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороогоор дахин явуулахаар шийдсэн юм. Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг 2023 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд хуралдсан байна. Ингээд нийтийн зориулалттай төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх,  улсын хилийн боомт чиглэлийн болон хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулиар боомтын дэд бүтэц улсын хил дамнасан байгууламж хилийн боомт гэсэн ойлголтыг тодорхойлсон заалтуудтай уялдуулан хөрш оронтой төмөр замаар замын хил дамнасан байгууламж барих ашиглах үйл ажиллагаатай холбоотой асуудал, ялангуяа улсын хил рүү чиглэсэн хил дамнасан төмөр замын өмчлөгч нь 1 хуулийн этгээд байх шаардлага үүсэж байгаатай холбогдуулан саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа.

Дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут асуулт асууж, хариулт авав. Төмөр замын салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлогын талаар тодруулсан гишүүний асуултад Ж.Бат-Эрдэнэ гишүүн хариулахдаа “Тус салбар нь хөдөлмөрийн онцлог нөхцөлтэй бөгөөд одоогийнхоо жишгээр дотоод дүрэм, журамдаа нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудаа нарийвчилан тусгаад явах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг тусгаад байна. Салбарт хэрэгжиж эхэлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. 7000 орчим мэргэжилтэн шаардлагатай гэдэг судалгааны дүн гарсан. Дотооддоо бэлтгэхээс гадна ОХУ, БНХАУ-д төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэхээр зохицуулалтуудыг хийж байгаа” гэлээ.

Байнгын хорооны өмнөх хуралдаанаар явуулсан төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалт явуулах шаардлагагүй хэмээн Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулаад, ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалтыг явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтож, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа