Усны асуудалд нухацтай хандана
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх, нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, гүний усыг ашиглахгүй байх зэрэг асуудлууд тусгагдсан. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл амралтын энэ өдөр сайдын зөвлөлийг хуралдуулж Усны нөөц ба усан цахилгаан станцын асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэцүүлэгт усны салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр салбарын эрдэмтэн, судлаачид усны нөөцийг хуримтлуулах, усан цогцолбор барих, хуримтлуулан шилжүүлэн ашиглах, гадаргын усны хуримтлал үүсгэх, урсац тохируулга хийх зэрэг санал, санаачилгуудыг гаргаж байсан юм.
Сүүлийн жилүүдэд болж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны нөөцийн хуваарьлалт жигд бус байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Нэг талаас дэлхийн уур амсгалын өөрчлөлт, дулааралд хэрхэн зохицож даван туулах, нөгөө талаас усны нөөцөө хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал хурцаар тавигдах болсон. Тиймээс цаашдаа бага оврын усан цахилгаан станцыг олноор байгуулах нь усны нөөцийг хуримтлуулах, усалгаатай газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломж нээгдэх юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “МУ-ын УИХ-аар Байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлж, бие дааж орсон байгаа. Өнөөдөр бидэнд усны нөөцөө судлах, эргэлтэд оруулах, хайрлаж хамгаалах нэн тэргүүний шаардлага тулгараад байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан усны нөөц, гарц буурсаар байгаа. Тиймээс усаа судлах, нөөцөө бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахаар 10 аймагт Тайшир сумын жишгээр усан цахилгаан станцыг бий болгох зорилго тавиад байна.” гэлээ
БОАЖЯ-ны харъяа Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Мягмар: “Говь-Алтай аймгийн Тайшир суманд Тайширын усан цахилгаан станцыг барьсан. Ингэснээр 10 гаруй километр урт, 4 км өргөн Гэгээн нуур бий болсон. Энэ нуур нь газрын зураг дээр байгаагүй ч Тэрхийн цагаан нуур шиг том нуур болсон нь усны салбарын нэг том бахархал юм. Усан цахилгаан станцыг барьж хиймэл нуур үссгэснээр тухайн газар нутгийн уур амсгалыг зөөлрүүлэх чухал үүрэг гүйцэтгэснээр онцлогтой. Түүнчлэн Говь-Алтай аймгийн төвийг усаар бүрэн хангах, нутгийн экологийн тэнцлийг бий болгох таатай нөхцлүүд бүрдсэн гэх мэт олон эерэг үр дүнгүүдийг үзүүлж байгаа. Тиймээс цаашид бага оврын усан станцуудыг нэмж барих хэрэгцээ, шаардлага их байна.” гэсэн юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл