Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан “Монгол хүүхэд” нэртэй 5 цагийн шууд нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

“Монгол хүүхэд” баярын үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос гадна орон нутгийн тал бүрийн авьяастай, оюунлаг, чадварлаг хүүхдүүд, хариуцлагатай аав, ээжийн төлөөлөл, хүүхэд хамгааллын мэргэжилтэн болон дуучид гэр бүлийн хамт зочноор оролцоно.

Тухайлбал, 6 настайгаасаа Монгол бичгээр уншиж, бичиж сурсан З.Мөнх-Эрдэнэ, пара олимпийн тамирчин хүүхдүүд, боксчин эгч, дүүс оролцож байна.

Энэ жилийн баярын хөтөлбөрт байгалийн үнэт өв, хэл соёл, ахуй зан заншлын талаар “Малчны удам”, “Тайгын охин”, “Нуур бид хоёр” зэрэг нэвтрүүлгүүд мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын хамгийн том дүрслэх урлагийн нээлттэй фестиваль буюу “Kids Art Festival”, “Тумбаахайн өдөрлөг”, “ABU-Робокон-2024” , “Браво цирк-4” зэрэг хөтөлбөрүүд багтсан байна.

Энэхүү өдөрлөгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна.

Хүүхэд багачуудад ном унших дадлыг суулгах, боловсрол олгох, танин мэдүүлэх зорилго бүхий “Тумбаахайн найзууд” нэвтрүүлэг нь нийт 80 дугаарыг үзэгч хүүхдүүдэд хүргэжээ.

Тус нэвтрүүлгийн Тумбаахай, Дэгдүүнэ, Хувдай нар үзэгч хүүхдүүдтэйгээ уулзан өдөрлөг зохион байгууллаа. 

“Kids Art Festival” нь “More Art, More Fun” уриатайгаар хүүхдийн сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх, бүтээлч байдлыг дэмжсэн, дүрслэх урлагийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийг багтааж байна. 

Хүрэлцэн ирснээр хүүхэдтэйгээ хамт зурж, будаж, хайчилж, урлах боломжтойгоос гадна урлагийн боловсрол олгох байгууллага, сургалт, студиудтэй танилцах боломжтой юм.

МҮОНТ нь жил бүр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудад зориулсан нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг үзэгчдэдээ хүргэдэг билээ.

Үзэгч та бүхэн эх үрсийн баяраар дээрх баярын хөтөлбөрүүдийг хүлээн авч үзнэ үү. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа