Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр  хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байдалтай танилцаж, Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Ганхүлэг, Ж.Золжаргал нар Улаанбаатар хот дахь Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох төслийн явц, хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа, төслийн явцтай танилцав.
“Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүссэн” гэсэн судалгааны дүнд үндэслэн Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хамтран хэрэгжүүлж буйг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл танилцуулав. Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ манай улсын усны салбарт сүүлийн 30 жил дэх томоохон хөрөнгө оруулалтад тооцогдож буй уг төслөөр “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” зэрэг гурван үйлдвэрийг барьж 2025 онд ашиглалтад оруулах юм байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж, шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар жилд 50 сая хүртэл метр куб ус олборлох ундны усны эх үүсвэртэй болно хэмээн тэрбээр танилцуулгадаа тодотгоод, Усны Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хот ойрын 30 жилдээ усны хомстолоос айх аюулгүй болно. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрийг туршилтаар ажиллуулж эхэлнэ гэлээ.
Нийслэлчүүдийн өдөр тутам хэрэглэсэн бохир усыг дахин боловсруулах орчин үеийн шийдэл бүхий дэд бүтэц ийнхүү бий болж байгаа ч дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт манай улсад байхгүй гэдгийг Ажлын хэсгийн гишүүд онцолж байв Мөн ундны болон саарал усны хэрэглээг зохицуулах эрх зүйн орчинг бий болгохоос гадна стандартын асуудал хөндөгдөж байгааг ажлын хэсгийн ахлагч Б.Уянга дурдаад, хаягдал усыг дахин цэвэршүүлж, боловсруулахад тодорхой технологийн зардал гарах тул эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэхийг үгүйсгэхгүй. Тиймээс асуудлыг олон талаас нь судалж, зөвлөмж, санал, дүгнэлтээ боловсруулна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа