- Сэтгүүлч
- 2022/07/29
- 736
“Чойжин ламын сүм”-ийг сэргээн засварлаж, орчныг тохижуулна
Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор болох Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байна. Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгааны үндсэн дээр музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах юм байна.
Мөн Чойжин ламын сүм музейн бусдын эзэмшилд очсон байсан 800 м.кв газрыг музейн өмчлөлд буцаан авч, автомашины зогсоолыг чөлөөлснөөр музейн аюулгүй байдал сайжирч, явган болон дугуйн замтай, ногоон байгууламж бий болгох нөхцөл бүрджээ. Энэ дагуу музейн орчны төлөвлөлтийг музей, иргэдэд ээлтэй байхаар зураг төсвийг боловсруулж байгаа аж.
2020 онд Чойжин ламын сүм музей нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүдийн дэмжлэгээр дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгогдож, улмаар олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрджээ.
Дээрх судалгаа ажлын үр дүнд Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF)-гаар дамжуулан АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын санхүүжилтээр Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг бүхэлд нь сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа аж.
Ядам сүмийн сэргээн засварлалтыг Соёлын өвийн үндэсний төв, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлалтын уламжлалт арга технологийн зөвлөгөө өгч, хяналт тавьж байгаа бөгөөд үйл явцыг гэрэл зураг, видео дүрсээр баримтжуулан ажиллаж байна.
Санал болгох
-
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Д...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09...


Сэтгэгдэл