- ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэйгээр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах “ADRIANA” хамтарсан судалгааны ажлын тайланг Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өглөө. Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн бодлогын хөтөлбөрт Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд агуулагдаж буй хаягдлыг дахин боловсруулах, орд газрын нөөцийг бүрэн ашиглах зорилт тусгасан. Уг зорилтын хүрээнд Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдалд агуулагдаж буй зэс, молибденыг эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ашиглах зорилгоор орчин үеийн техник технологийн тусламжтайгаар агаараас тандан судлах төслийг ХБНГУ-ын 1.4 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжүүлжээ.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнууд Германы судалгааны байгууллагуудтай хамтран Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг орчин үеийн хайперспектрын технологи ашиглан агаараас тандан судалсан байна. Мөн Германы талаас үйлдвэрлэлд хэрэгцээтэй олон төрлийн зураглал, мэдээллийг Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгсөн аж. Үүнд өндөр чанартай топо зураг, газрын гадаргын 3D хэмжээст зураг багтсан. Энэхүү судалгааны үр дүнг үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаа болон ирээдүйд хэрэгжих өргөтгөлийн төсөл, барилга байгууламжийн зураглалд ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бид судалгааны ажлын талаарх зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

ХБНГУ-ын мэргэжилтэн Рене Кант: “Тус төсөлд Германы талаас дөрөв, Монголын талаас гурван байгууллага хамтран оролцсон. Судалгааны ажлын гол зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан зэс, молибдены тархалтыг орчин үеийн хайперспектрын  аргаар агаараас тандан судлах явдал байлаа. Агаараас тандан судлах аргыг ашиглаж хайгуулын болон хаягдал металлын тархалтыг тодорхойлох боломжтой. Мөн ирээдүйд уурхайн хаалтын дараа үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хаягдал материалыг боловсруулан барилгын материал, цементэд ашиглах боломжтой гэсэн эхний үр дүн гарсан. Энэ нь уурхайн хаалтын дараах нөхөн сэргээлтийн зардлыг тодорхой хэмжээгээр бууруулна. Уг судалгааны ажил гурван жилийн хугацаанд хэрэгжиж өнөөдөр тайлангийн ажлаа хүлээлгэн өгөөд байна. Хаягдал боловсруулах туршилтыг Герман, Монголын сургууль болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр хийсэн. 

- “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуян: “Манай “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Хаягдлын аж ахуйг дахин ашиглах, агаараас тандан судлах “ADRIANA” төслийг амжилттай хэрэгжүүлээд эцсийн тайлангаа Германы талаас хүлээн авлаа. Энэ судалгааны ажил 2019 оноос хойш гурван жилийн хугацаанд бүрэн хэрэгжээд байна. Энэ хугацаанд бид Германы талтай хамтран шаардлагатай бүх мэдээллийн сан, өгөгдлүүдийг үйлдвэрийн газарт эх файлаар нь хүлээлгэн өгсөн. Анхны судалгаагаар нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий мэдээллийн сан, өгөгдлийг үйлдвэрт хүлээлгэн өгөөд байна. Уг мэдээллийн санг цаашид Эрдэнэт үйлдвэр өргөтгөл, шинэчлэлийн төслүүдэд бүрэн ашиглах боломжтой. Нэлээн үр дүнтэй төсөл боллоо. Тус судалгааны ажилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Геологи маркшейдерийн хэлтэстэй хамтран Эрдэнэтэд хийгдэх ажлыг зохион байгуулсан. Геологи маркшейдерийн хэлтэс, Хаягдлын аж ахуйд өрөмдлөг тавих, дээж авах, “Эрдэнэт цогцолбор дээд сургуульд дээж бэлтгэх, Германы талд илгээх зэрэг ажил хийсэн. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Уул уурхайн тэнхимийн Эрдэс боловсруулалтын лабораторид судалгааны боловсруулалтын ажлыг хийсэн байгаа” гэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа