Дэд сайд Г.Ганбаяр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр багтсан бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын зарим цэцэрлэг, ерөнхий боловсрол, их сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явцтай газар нь дээр танилцав.
Жаргалант суманд баригдаж буй “Цаст-Алтай” сургуулийн 640 хүүхдийн суудал бүхий өргөтгөлийн барилга, 10 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн ор бүхий өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч компаниудтай БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр уулзаж, аль болох хугацаанаас өмнө ашиглалтад өгөхийн тулд шуурхай ажиллахыг хүслээ.
Тус аймгийн хувьд 2-5 насны 8647 хүүхэд байгаа бөгөөд энэ хичээлийн жилд өнөөдрийн байдлаар 6145 хүүхэд цэцэрлэгээр хүмүүжиж байгааг наймдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр БСУГ-ын дарга танилцуулж байна. Хэрвээ наймдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг яаралтай шийдвэрлэж чадвал хамран сургалт улам сайжрах ажээ.
Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 2 төвд нийт 1838 багш, ажиллагсад ажиллаж, 20200 суралцагч суралцаж байна. Хөдөөгийн ард иргэдийн хүүхдийг сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж 17 сумын 21 дотуур байранд 1816 хүүхэд амьдарч, 176 багш, ажилтан ажиллаж байгаа талаар БСУГ-ын хамт олонтой уулзах үеэр танилцуулж байна.
Дэд сайд Г.Ганбаяр Ховд их сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, дээд боловсрол болон орон нутгийн их, дээд сургуулиудын талаар яамнаас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Тус сургуулийн захирал Б.Нямдорж Ховд их сургууль болон Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээ, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав.
Үргэлжлүүлэн Баян-Өлгий аймагт ажиллаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хамт Өлгий сумын 7 дугаар цэцэрлэг, 7 дугаар бага сургууль, бүрэн дунд боловсролын 5 дугаар сургууль, Толбо сумын сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Өлгий сумын бага сургууль, цэцэрлэг нь аж ахуйн аргаар барьсан байртай бол 5 дугаар сургууль зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тиймээс шинэ байр, өргөтгөл барьж өгөх хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг хүсч байлаа.
Баян-Өлгий аймагт энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 44 сургууль, 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл